Дүрэм №50.
Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.
1. Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны, нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ? гэх мэт.
В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт.
Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт.
2. Асуух сул үг юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? бээлий юу? гэх мэт.
Үүнээс бусад богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үү бичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.
3. Л, ч, шүү сул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүү гэх мэт.
4. Зөвшөөрөх сул үг за-г богино эгшигтэй бичнэ.
5. Даа, дээ, доо, дөө сул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөө гэх мэт.
6. Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.
7. Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөө уруу гэх мэт. Уул руу, гэр лүү гэж бичихгүй.
8. Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.
9. Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн , сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment