Monday, November 05, 2007

GNU төслийн удирдагч

За юутай ч энэ мундаг хүний ярьж хэлсэнийг эх хэлээрээ өөрийн ойлгосноор өмнөх нийтлэлдээ сийрүүлж бичлээ. Ер нь хуулийнханд зориулсан арга хэмжээ байсан тул инженер надад бол жаахан ойлгомжгүй, хэлж ярьсаныг нь ойлгоод ч байгаа юм шиг, бас сайн ойлгож өгөхгүй байгаа юм шиг жаахан хэцүүхэн л байлаа.

Түүний өмнөхөн Дэлхийн Оюуны Өмчийн Газрын Япон дахь салбарын дарга яриа хийж байхад түүнийг яриулахгүй дундуур нь хэд хэд таслаад, өрөөн дотуур нэг булангаас нөгөө буланруу явангаа ярих зэрэг байдлыг нь хараад жаахан ширүүхэн нөхөр юмаа гэж бодож байлаа. Гэхдээ энэ хүний ярьж хэлж байгааг сонсоод, мөн түүний амьдрал бүтээлийг нь эргэцүүлж бодоход энэ хүн бусдын төлөө өөрийн амьдралыг яагаад ингэж зориулж байгаа юм бол доо гэж бодогдмоор. MIT-д цалингүй ажилладаг, мөн аж байдлыг нь харахад энэ хүн хийж байгаа ажлынхаа төлөө үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан санагдана. Хуралд нэг их олон хүн суусангүй 50-60 орчим оюутнууд ирсэн байсан. Илтгэлийнхээ дараа өөрт ноогдсон жижигхэн ширээн дээр GNU төслийн логотой тэмдэг, түлхүүрний оосор, бас өөрийн бичсэн нийтлэлүүдийн түүвэр номыг зарж байлаа. Хүмүүс шавааралдаад бас дээр нь худалдагчийн үүрэг хүлээж буй Richard Stallman-тай маш товчхон хэдэн үг сольж амжив.

Эхлээд зарж байсан зүйлсээс нь хэдийг худалдаж аваад... :) (гэхдээ энд бас нэг учир байна.) , дараа нь MUG-н логотой тэмдгээ дурсгаад гарын үсгийг нь зуруулж авсан. Гарын үсгээ зурахдаа "Happy Hacking" гэж заавал бичдэг юм байна лээ. Энэ үг тэр хүний имиж болчихсон үг бололтой, явахдаа баяртай гэж хэлсэн чинь харин өөдөөс "Happy Hacking" гэдэг байгаа. Хамгийн түрүүнд:
- Та ямар үйлдлийн систем ашигладаг вэ? гэж асуулаа.
- "GNU/Linux" гэж хариулж байна.
- Яг ямар distribution-г нь хэрэглэдэг вэ?
- "GNU Sense"
- GNU цөмийг хөгжүүлэхээ зогсоочихсон юмуу?
- Үгүй. Нээлттэй эхийн өөр цөм (Linux) нэгэнт гарчихсан болохоор бид үүнийг чухалчилж нэгдүгээрт тавихаа больсон.

За бидний хооронд иймэрхүү товчхон яриа боллоо. Дараа нь хамтдаа патераа татуулсан.
RMS-н гараас худалдаж авсан зүйлс болон түүний гарын үсгийг MUUG-т дурсгал болгон үлдээе гэсэн бодолтой байна. Мөн энд хэвлүүлсэн цөөхөн тэмдэгийг хамт өгч явуулах бодолтой байна.

Richard Stallman - "Copyright vs Community" - Nagoya, 26 Oct 2007

Энэ хүн миний мэдэх одоо амьд байгаа хамгийн агуу хүмүүсийн нэг. GNU төслөөр зогсохгүй түүний гаргаж ирсэн "Чөлөөт програм хангамж"-н тухай ойлголт нь түүнийг мөн агуу философич болохыг нь гэрчилнэ.

"Сopyright" гэдэг нь анх Англид "хэвлэгчдэд шалгуур тавих" зорилгоор гарч ирсэн ойлголт бөгөөд өнөө цагт software буюу програм хангамжийн салбарт зохиогч-хэвлэгч-хэрэглэгчийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байгаа талаар Richard Stallman энэ орой хийсэн ярилцлагадаа дурдаж байлаа.

Түүний хэлсэнээр одоо үйлчилж байгаа зохиогчийн эрхийг хамгаалах систем нь орчин цагын компьютерийн сүлжээний орчинд тохирохгүй байгаа ба, АНУ-н Үндсэн Хуулинд заасанчлан "... to promote progress for benefit of public" (монголоор "нийтийн тусын тулд дэвшил хөгжилийг дэмжих") гэсэн үндсэн үүргээсээ дэндүү хазайж ийм төрлийн эрхээс ашиг олдог мега корпорациудын эрх мэдлээ улам их болгох зэвсэг болон хувирсан.

Хамгийн энгийн жишээ бол интернетээр дуу хөгжим хуваалцах байна. Оюуны өмчийн байгууллага үүнийг хууль бус үйлдэл гэж үздэг. Түүний хэлсэнээр харин ч энэ нь тухайн уран бүтээлчийн бүтээлийг олны хүртээл болгож байгаа асуудал юм. Хүмүүсийг өөрийн худалдан авсан дуу хөгжимийг интернетийн орчинд бусадтайгаа хуваалцах боломжийг олгосоноор үнэхээр уран бүтээлчид орлогоо алдаж байнуу? Зөвхөн супер одуудын хувьд л тийм байдаг гэж тэрээр хэллээ. Мэдээж энэ завсар нэлээд хэдэн тоо баримт жишээ дурдаад амжив. Олны танил болоогүй, жирийн нэг уран бүтээлчийн хувьд CD Бичлэгийн компаниуд зарагдсан CD бүрээс 4%-г уран бүтээлчид өгдөг, анх гэрээ хийхдээ хэвлэх эрхийг нь өөрийн болгоод авчдаг юм байна. Эцэст нь уран бүтээлч өөрийн хийсэн бүтээлээ өөр газраар хэвлүүлье гэхээр эрх нь байдаггүй гэнэ. За нэг иймэрхүү байдлаар CD бичлэгийн компаниуд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн, copyright-р далайлган зохиогч ба олон нийтийн аль алиных нь эрхийг хязгаарлаж байна гэж үзжээ.

Энд дурдсэн нэг жишээ бол Уолт Дисней компанийн Mickey хулганын хуулбарлах эрх байна. Уг нь ном ёсоороо бол copyright нь хэсэг хугацааны туршид хэн нэгний мэдэлд байж байгаад хугацаа нь дуусахаар public domain-д шилжих ёстой буюу өөрөөр хэлбэл олон нийтэд чөлөөтэй болох ёстой байдаг юм байна. Гэтэл Уолт Дисней компани Mickey-гийн 2003 онд дуусах ёстой байсан хуулбарлах эрхийг дахин 20 жилээр сунгахыг АНУ-н Конгрессоор зөвшөөрүүлж чадсан нь нилээд шуугиан дэгдээжээ. Энэ нь мэдээж Уолт Дисней компанийн "хандив" нэртэй 6.3сая долларын лоббины үр дүн байлаа.

Гэх мэтчилэн мега корпорациудын эрх мэдлээ хадгалах гэсэн өөр нэг арга бол DRM (Digital Rights Management) юм. Richard Stallman DRM-г Digital Restrictions Management, CD-г Corrupt Disk гэж нэглэж байсан нь түүний үзэл санааг улам тод болгож байлаа. DRM гэдэг нь дижитал бүтээлийг чөлөөтэй хуулбарлаж, дамжуулахын эсрэг хийгдсэн системийг нийтэд нь хэлэх бөгөөд эдгээрийн тоонд DVD-г кодлоход зориулагдсан CCS, Sony-гийн гаргасан AACS зэрэг кодлох системүүд орно. За ер нь юу ч гэсэн нэртэй бай, таныг өөрийн худалдаж авсан кино болон дууг чөлөөтэй хуулбарлах эсвэл зөөвөрлөх боломжгүй болгоно гэсэн үг.
(http://www.defectivebydesign.com хуудаснаас эдгээр системүүдийн талаар мэдэж авнуу)
Гэтэл 1998 онд АНУ-д батлагдсан Digital Millenium Copyright Act (DMCA) нь дээрх системээр хамгаалагдсан дижитал бүтээлийг кракдаж хэрэглэхийг хориглосон хийгээд хэрэв зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан нь "creative freedom" буюу бүтээлч эрх чөлөөг хязгаарласан явдал болсон гэж үздэг юм байна. Дээрх баримт бичгийн дагуу Napster-г хаахад хүрсэн билээ.

За дуу хөгжим, кино нэг тийм байдаг юм байж. Гэтэл DRM гэдэг энэ гайхалтай зүйл цахим ном буюу eBook-д бас нэвтэрчээ. RMS-н хэлснээр энэ нь "уншигчийн эрх чөлөө"-г зөрчиж байна. Хэвлэмэл ном худалдаж авсан хүний эдэлж чадах авсан номоо буцааж номын дэлгүүрт эсвэл хэн нэгэнд зарах, найздаа түр зээлүүлэх, үр хүүхэддээ өвлүүлэх цаашилбал номын сангаас ном авч унших зэрэг эрхүүд зөрчигдөж байгаа юм байна. Тэр энэ талаар 1997 онд "Right to read" нэртэй нийтлэл бичжээ. Уншигчийн эдгээр эрхийг олгож чадаагүй байж eBook-г тэгэтлээ их сурталчилж байгаа нь ямар нэг том компанийн бизнесийн ашиг сонирхол гэж тэрээр үзэж байна.

Эцэст нь "Compromised Copyright System" нь энэ төрлийн харилцааг зохицуулах арга зам байж болох талаар дурдаад өнгөрлөө. Ярилцлагын цаг дууссан тул энэ талаар дэлгэрүүлж ярьсангүй ярилцлага өндөрлөв.

Жилийн өмнө хийсэн өөр нэг "Copyright vs Community" нэртэй илтгэл дээр RMS-н хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНЭ линкээр орж үзнэ үү.