Thursday, September 09, 2010

My first experience with RHCE

Явсан нохой яс зууна гэгчээр явсан зорилгодоо хүрээд RHCE гээч зэргийг нь аваад ирлээ ;)

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол, Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг! гэж сайхан үг байдаг билүү... Айхтар алдрын зэрэгт хүрээгүй ч, араас минь адил замаар мацаж яваа дүү нартаа үзсэн харсан, сурсан мэдсэнээ хуваалцах нь зүй ёсны хэрэг билээ...



Redhat Training

Redhat-н стандарт курсууд бол ерөнхийдөө 4 хоног л байдаг, 4 ажлын өдөр гэсэн үг. Харин энэ Энэтхэгт долоо хоногоос 2 сарын хооронд янз бүрийн хугацаатай сургалтууд байх юм.
Мөнгө, цаг завандаа тааруулаад сонгох боломжтой гэсэн үг. За миний суусан сургалт 14 хоногийн багц байсан. Багц нь дотроо 6 хоног онол, 3 хоног лаборатори, 1 өдөр шалгалт, 2 өдөр амралт, дээр нь ирэх очих өдрөө нэмбэл яг хоёр долоо хоног болно.


Хичээлүүд 9:00-15:00 онол, 15:00-18:00 дадлага гэсэн хувиартайгаар 6 өдөр үргэлжилнэ. Онолоо үзэж дууссаны дараа 3 хоног цэвэр дадлага хийж шалгалтандаа бэлдэнэ. Ер нь бол толгой өндийх залгүй л лаб-д сууна гэсэн үг. Онол бол ЭНД байгаа бүх сэдвийг хамрана. Ерөнхийдөө сурах бичгээ дагаад явна, өглөө нь үзсэн зүйлээ үдээс хойш нь бататгаж дасгал ажил хийнэ. Сэдвүүдээ тухайн өдөр бүрт нь хийж явахгүй бол үлдсэн 3 хоногт бүгдийг амжуулна гэж ёстой байхгүй шүү!

Хамт байсан хүмүүс үүн дээр их алдсан гэж ярьж байсан. Дадлага хийх 3 хоног цэвэр шалгалтандаа бэлдэнэ, шалгалтын талаар ойлголт өгөх зорилгоор mock exam буюу бэлтгэл шалгалт өгнө.




RHCE Exam

Шалгалт маань 3.5 цаг үргэлжилнэ, онолын хэсэг байхгүй зөвхөн өгсөн даалгаврыг гүйцэтгэнэ. Хуучин бол онолын хэсэгтэй байсан, давахад нилээд хэцүү байсан гэсэн. Харин саяхнаас шинэчлэгдээд зөвхөн ур чадварын шалгалт болсон гэнэ.

Шалгалтын эхний хэсэг нь troubleshooting, чамд өгөгдсөн машин ажиллах боломжгүй, эсвэл нэвтэрч орох боломжгүй болсон байна. Эхлээд асуудлыг шийдвэрлэж, машинаа хэвийн ажилладаг болгоно. Асуудлууд дотор GUI ажиллахгүй, өөрөөр хэлбэл xwindows асуудалтай, mount table алдаатай, нэвтрэх эрхийн хугацаа дууссан, эсвэл passwd файл синтаксийн алдаатай, унших эрх ньтавигдаагүй, inittab-н тохиргоо буруу гэх зэрэг зүсэн зүйлийн алдаа байж болно. Үүнийг дадлага хийх 3 хоногтоо зах зухаас нь хийж үзнэ.

Машин хэвийн ажилладаг болонгуут сая нэг шалгалтын эхний даалгаврыг унших боломжтой болно. Хэрвээ энэ хүрч чадахгүй бол шалгалтандаа шууд унана гэсэн үг. Эхний даалгавар сүлжээний тохиргоог хийх зааврыг агуулна. Зааврын дагуу сүлжээнд холбогдоод өгөгдсөн URL орж дараагийн даалгавруудыг унших боломжтой болно. Шалгалтандаа сайн бэлдсэн бол үлдсэн даалгаврууд ерөнхийдөө амархан, байнга л хийдэг mail, web, nfs, samba, proxy серверүүдийг суулгаж өгөгдсөн даалгаврын дагуу тохируулна. Хүн аймаар төвөгтэй тохиргоо байхгүй, хамгийн энгийн, байнга хэрэглэх тийм түвшний тохиргоо хийгдэнэ. Эдгээрийг бүгдийг онолын хичээл дээр үзнэ, тийм болохоор цаг тухайд нь дадлага ажлыг сайн хий гэдэг ийм учиртай...


Аан тийм, дээр нь нэмээд галтханыг тохируулах ёстой байдаг, дээр суулгасан үйлчилгээ тус бүр дээр ямар хандалтыг нэвтрүүлэх, хаахыг даалгавар дотор заасан байгаа. Энд iptables, tcpwrapper хэрэглэх хэрэгтэй болдог. tcpwrapper-д дэмжигддэг үйлчилгээ бол шууд tcpwrapper-г дангаар хэрэглэж болох боловч, зарим нэг үйлчилгээ дэмжигдээгүй байдаг тул iptables-г хэрэглэх шаардлага зайлшгүй гарна. Хоёуланг хослуулах уу, эсвэл iptables-г дангаар хэрэглэх үү энэ бол тухайн хүний сонголт юм, аль өөрт амарханаар хийх нь зөв болвуу... Би хоёуланг хослуулж хийсэн, оноо маань бага зэрэг хасагдсан байсан, би бодохдоо галтханын тохиргоон дээр болвуу гэж бодож байгаа...


Галтханын тохиргоо маш чухал болохоор энэ хэсэгт анхааралтай байх хэрэгтэй. Учир нь шалгалтыг дүгнэхдээ үйлчилгээг гаднаас хандаж шалгана. Галтханын чинь тохиргоо
буруугаас болж үйлчилгээнүүдэд гаднаас хүрч чадахгүй бол тэр хэсгийн оноо шууд нойллох тул шалгалтандаа унах аюултай... Үүнийг шалгалт эхлэхээс өмнө дахин дахин сануулаад л байсан.


Бас нэг сануулах зүйл бол даалгавруудыг эхнээс нь гүйцэтгээд явж байхад сүүлд хийсэн тохиргоо өмнөх тохиргоог дарах, нөлөөлөх хүчин зүйлс байдаг тул даалгавруудаа бүгдийг хийж дууссаны дараа эхнээс нь бүгдийг шалгахаа мартуузай...



IPSR

Өмнөд Энэтхэгтээ Линуксаар дагнаж, нэр хүнд нь өсөж яваа сургалтын төв. Анх байгуулагдаад 10 жил, Линуксын сургалт явуулж эхлээд 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй, хөл дээрээ зогссон газар байсан. Эгч дүү хоёр гурван компанитай, нэг нь ayurveda гээд уламжлалт анагаахын эмнэлэг юм билээ. Хийж бүтээж яваа, надад бол маш их зүйл бодогдуулсан газар. Багш нар маань сайн байсан, хариуцлагатай, сэтгэлтэй, ер нь бол эдний компанийн ирээдүй надад бол амжилттай сайхан л харагдаж байна.


Энэтхэгт зорчих

Хөгжиж буй бусад бүх л улсын адил бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйлс их байгаа нь аяндаа ажиглагдана. Хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал. Мөн халуун газар учраас бидний бие дасан зохицоогүй элдэв бактери, вирус элбэг байгаа. Үүнийг бодолцож болгоогүй хүнсний бүтээгдэхүүн, ногооны салад, жимс, мөхөөлдөс зэргээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн ялаа шумууланд хазуулахаас болгоомжлоорой. Ажлаар явж байгаа тохиолдолд вакцин хийлгээд явбал зүгээр шүү...


Надад хамгийн хэцүү санагдсан зүйл бол усны асуудал байсан. Крантны ус бага зэрэг шаргал өнгөтэй гарч байсан, сэтгэл амар шүршүүрт орж болохгүй түгшүүртэй санагдаж байсан. Тийм болохоор зөвхөн энэ хүчин зүйлийг бодож үзвэл би хувиасаа Энэтхэг явахыг зөвлөмгүй байна... Албан газар компаниудын хувьд бол мөнгийг нь төлөөд хүмүүсээ өндөр хөгжилтэй газар явуулах нь зүйтэй гэж хэлнэ.



Эцэст нь зөвлөхөд:

Миний суусан сургалтын онолын 6 хоногийн эхний 2 хоног нь үнэхээр залхмаар амархан байсан. Учир нь 6 хоногийн сургалт гэдэг нь RH033, RH131, RH253 гэсэн 3 күрсийг нийлүүлчихсэн, күрс тус бүрийг 2 өдөрт үздэг. Күрс тус бүр өөрийн сурах бичигтэй, тэгэхээр 2 өдөрт нэг ном дуусгана. Эхний RH033 нь линукс юу ч мэдэхгүй хүмүүст зориулсан уу гэлтэй, файл хуулах, нэрийг солих, архивлах, архивыг задлах зэргийг бүгдийг нэг бүрчлэн үзнэ. Шалгалтан дээр тэрнээс нь нэг ч ирэхгүй, man page байхад энийг зааж яадаг байнаа л гэж бодогдож байлаа.

Тэгэхээр тэр албан ёсны 4 хоногийн сургалтанд суух нь энэ 6 хоногийнхтой ижил байх гэж бодогдох болсон шүү... Харин 4 хоногийн сургалтын хэцүү тал нь шалгалт нь 5 дахь өдөр нь болохоор, бэлдэх цаг байхгүй... Монголд байгаа хүмүүсийн хувьд хаа нэг газар 4 хоногийн сургалтанд суугаад, дараа нь Бээжин орж шалгалтаа өгөх хувилбар байж болох юм. Гэхдээ цаг зав, нерв их барагдах тул нэг дор хоёуланг нь амжуулчвал уг нь зүгээр юм...


За тэгээд шалгалттай, болон сургалттай холбоотой асуулт байвал бичээрэй, би хариулахыг хичээх болно...