Thursday, August 31, 2006

SysAdmin Summit - 2006 болон энэ хүртэлх бидний зам

2006 оны 1 сарын 5-нд MUG-н анхны шар айрагны үдэшлэг болж юникс сонирхогчид уулзацгааж билээ. Ажлын төлөвлөгөөгөө бичдэг дэвтэрт маань дурайтал бичээтэй байгаа болохоор би он сарыг нь ч тод санаж байна. Цагаасаа яльгүй эрт очоод үүдэнд жаахан тээнэгэлзэж зогссоноо санаж байна. Мэдээж цагаасаа өмнө ирсэн нилээд хэдэн хүн байсан. Ингээд л энэ MUG гэдэг айлынхан сар бүр уулзаж, юникс үйлдлийн системийг, чухамдаа GPL(General Public License)-н үзэл санааг монголдоо хэрхэн түгээн дэлгэрүүлэх, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах талаар ярилцдаг болсон. Мэдээж хийх юм маш их байсан болохоор тэрийг ч хийе, энийг ч хийе гэж эхлээд нилээдгүй маргацгаасан. Тэгээд Дөлөө маань Install Fest гэж арга хэмжээ байдаг, түүнийг зохиоё гэсэн санаа гаргасан. Дөлөөгийн маань өөртөө итгэлтэй байдал нөлөөлсөн байх, юу ч хамаагүй нэг юмнаас эхлэх хэрэгтэй гэж хүмүүсийн санаа ч нэгдсэн байх ингээд л 3 сарын шар айрагны үдэшлэг дээр анхны Install Fest-г зохиохоор тогтсон. 20 хүрэхгүй хоногт бэлтгэл ажлаа дуусган 4 сарын 7-ны өдөр анхны арга хэмжээ маань болж өнгөрсөн. Анхных гэхэд миний л бодлоор үнэхээр сайн болсон. Хүмүүс орж гарч байсан хэдий ч ITPark-н хурлын заал дүүрэн байсан нь мартагдамгүй. Дотор зааланд илтгэлүүд тавигдаж, гадаах хонгилд эгнүүлэн тавьсан компьютерүүд дээр линукс тархацуудыг хүмүүс сонирхож, цаадхан талд нь өөрийн PC-г авчран линукс суулгаж байгаа залуучууд харагдана. Ийм л дүр зураг үлджээ.

Тиймээ одоо дараагийн арга хэмжээ SysAdmin Summit 2006. Аль 6 сараас хойш дуншиж 9 сарын 12-нд болохоор эцэслэн тогтлоо. Энд жинхэнэ мэргэжлийн хүмүүс цуглах болохоор чанар чансаатай сайн хийе гэснээс товоо хэд хэд хойшлуулаад авсан. Бас ч дээд албан тушаалын хүмүүс уригдан ирэх учир тохь тухтайг бодон зочид буудалд, цайны завсарлагатайгаар хийхээр боллоо. SAS2006 логотой T-shirt өмсөөд, мэргэжил нэгт анд нөхдийнхөө илтгэлийг сонсоод сууж байна гэдэг монголд байгаа сисадминуудын маань мөрөөдөл байх нь дамжиггүй. Миний хувьд л лав энэ бол хэдхэн жилийн өмнө мөрөөдөж байсан мөрөөдлийн маань нэг байлаа. Хувийн ажлаар гадаадад зорчих болсон болохоор 9 сарын 12-ны өдөр монголд байж таарахгүй нь. Хэдийгээр өөрөө хуралд оролцож чадахгүй ч тэр мөрөөдөл маань биелсэн. Юникс сонирхогчид та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. SAS2006-д оролцож хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй.

Нийт MUG-н хамт олон болон Дөлөөдөө амжилт хүсье.
Та нар шүү!!!