Showing posts with label Mail Server. Show all posts
Showing posts with label Mail Server. Show all posts

Tuesday, April 03, 2007

SPF - Спамаас хамгаалах арга

Энэ сар DNS-р амьсгалсан сар боллоо :). Та бүхэндээ DNS системийн талаар дахин нэг нийтлэл толилуулж байна.

SPF буюу Sender Policy Framework нь DomainKeys-н нэгэн адилаар DNS дээр тулгуурласан спамаас хамгаалах нэг арга юм. Гол ялгаа нь DomainKeys TXT бичлэг дотор өөрийн хэрэглэж буй public түлхүүрийг зарладаг бол, SPF нь authorized/бүрэн эрхт мэйл серверүүдээ зарладаг явдал юм. Domainkeys-н талаарх түрүүчийн нийтлэлийг үзнэ үү.

Тэгэхээр та танай мэйлүүд дамжин гардаг бүх мэйл серверүүдийг өөрийн домэйны TXT бичлэгт зааж өгнө гэсэн үг юм. Ажилчид чинь ажил дээрээсээ мэйл явуулах тул мэдээж эхлээд байгууллагын чинь мэйл сервер, хэрвээ гэрээсээ бас мэйл явуулдаг бол тухайн ISP-н мэйл серверүүд бас бичигдэнэ гэсэн үг.

Жишээ нь:
test.mn.  TXT  "v=spf1 mx a:mail.isp-test.mn include:gmail.com -all"
v=spf1 : SPF протоколыг зааж байна
mx : mx бичлэгт заасан серверүүд энэ домэйны мэйл дамжуулахыг зааж байна
a:mail.isp-test.mn : mail.isp-test.mn гэсэн хост мөн мэйл явуулах эрхтэй
include:gmail.com : gmail-н зөвшөөрсөн серверүүдийг бүгдийг зөвшөөрөх
-all : бусад нь энэ домэйнтой мэйл явуулах эрхгүй

SPF бичлэгийг яаж үүсгэхээ сайн ойлгохгүй байвал SPF Төслөөс гаргасан "SPF Setup Wizard"-г хэрэглээд үзээрэй.

Хэрэв өөрийн мэйл серверийг SPF хэрэглэдэг болгоё гэвэл SPF Төслийн ЭНЭ хуудсаар зочилж өөрийн тань MTA SPF-г дэмждэг эсэхийг шалгаарай.

SPF зарим нэг талаар хязгаарлагдмал хэдий ч,
Amazon, AOL, EBay, Google, GMX, Hotmail, Microsoft, ба W3C зэрэг олонд нэртэй домэйнууд өөрсдийн SPF мэдээллийг зарлах болсон байна. 2007 оны судалгаагаар .com ба .net домэйны 5% нь ямар нэг хэлбэрийн SPF бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн бидний сайн мэдэх SpamAssassin 3.0.0-с SPF-г дэмждэг болжээ.

Холбоосууд:

1. SPF Project homepage
2. Wikipedia - SPF
3. SPF Syntax


Monday, March 26, 2007

DomainKeys - Спамаас хамгаалах арга

Yahoo болон Gmail-рүү явуулсан мэйлүүд BULK-руу орчихоод байвал DomainKey-г хэрэглэж эхлэх цаг болсоных ч байж мэднэ!

Саяхнаас yahoo.co.jp домэйнтой мэйл хаягтай болсон билээ. Хэрэглэж байхдаа нэг анзаарвал зарим мэйл From талбартаа, мэйл хаягныхаа доод талд "
DomainKeys は、このメールが yahoo.com から送信されたことを確認しました。" гэсэн бичиг байна. Монголоор "Энэ мэйл yahoo.com-с ирсэн болохыг DomainKeys шалган тогтоов ." гэсэн үг л дээ. Монголд байхад л DomainKeys гээд яригдаад байсан, нээрээ ингээд хэрэглээд эхэлчихсэн юм байх даа гэсэн бодол толгойд орж ирж байна. Wiki-дээд орхисон Yahoo бүр 2004 оноос хойш DomainKeys ашиглах болсон гэж байна. Хэрэв тийм бол яагаад анзаарайгүй байдаг билээ?...

yahoo.com-ын мэйлүүдэд From хэсэгт мэйл хаягны өмнө "дугтуйн дээрх түлхүүрний тэмдэг" байнуу? Дээр нь хулганаар очвол "This sender is DomainKeys verified" гэж гарч ирж байгаа биз...

DomainKeys гэж юу вэ?
DomainKeys гэдэг нь мэйл үнэхээр "From" хэсэгт бичигдсэн домэйноос ирсэн байнуу гэдгийг шалган тогтоох зориулалттай нэг төрлийн шинэ протокол юм. Хялбарханаар тайлбарлавал: явуулж байгаа тал нь гарын үсгээ зурна, хүлээн авч байгаа тал нь түүнийг шалгана гэсэн үг юм.

Хэрхэн ажиллах вэ?
DomainKeys-г ашиглахын тулд эхлээд private/public хос түлхүүр үүсгэх ёстой. Private түлхүүрийг MTA өөртөө хадгалж, гадагшаа явуулж байгаа бүх мэйлийн header дотор бичнэ. Public хэсгийг админ өөрийн DNS zone file-д,
_domainkey дэд домэйны TXT бичлэг дотор тавьсанаар, хүлээн авч байгаа мэйл сервер энэ түлхүүрийг авч гарын үсгийг шалгах боломжтой болно. Өөрөөр хэлбэл public түлхүүрийг нийтэд тараахдаа DNS hierarchy-г ашиглаж байна гэсэн үг юм. DNS бичлэгийг зөвхөн тухайн домэйны эзэн өөрчлөх эрхтэй тул хос түлхүүрийг заавал гадны CA(Certificate Authority)-р баталгаажуулах шаардлагагүй болсон давуу талтай.

DomainKey-р баталгаажсан мэйлийн header ямар байдаг бол? гэсэн сониуч зандаа хөтлөгдөж байгаа бол мэйлийн full header-г нь нэг нээгээд хараарай.
DomainKey-Signature гэсэн талбар нэмэгдсэн байгаа:

DomainKey-Signature: a=rsa-sha1; c=nofws;
d=gmail.com; s=beta;
h=received:message-id:date:from:to:subject:cc:mime-version:content-type;


Хэрхэн хэрэглэх вэ?
Yahoo, Gmail бүгд DomainKey-г хэрэглээд нэгэнт эхэлчихсэн тул, та эдгээр домэйнуудруу мэйл явуулахын тулд ядаж гарын үсгээ зураад явуулах хэрэгтэй болох байх даа. Одоо яах вэ гэж санаа зовох хэрэггүй. Өргөн хэрэглэгддэг MTA-уудын хувьд patch/шинэ хувилбар/plugin аль хэдийнэ гарчихсан, аваад хэрэглэх л үлдэж дээ:

- Sendmail milter implementation - http://sourceforge.net/projects/dk-milter
- Qmail patch qmail-dk - http://www.qmail.org/top.html
- Exim version - http://duncanthrax.net/exim-experimental
болон бусад MTA-н талаар DomainKeys төслийн хуудаснаас орж үзнэ үү.


Холбоосууд:
1. Yahoo Anti-Spam Resource Center-с гаргасан танилцуулга - http://antispam.yahoo.com/domainkeys
2. Yahoo-гаас санхүүжүүлж буй нээлттэй эхийн DomainKeys төсөл - http://domainkeys.sourceforge.net
3. Wikipedia - http://en.wikipedia.org/wiki/DomainKeys

Monday, December 25, 2006

RBL гэж юу вэ?

RBL-г тойрсон асуудлуудтай нилээд олон тулгарч байсан, мөн хүмүүс ч нилээд асуудаг тул энэ талаар ярилцъя.

RBL гэж юу вэ? хэрхэн ажиллах вэ?
RBL гэдэг нь Realtime Blackhole List гэсэн үгийн товчлол бөгөөд спам, вирус тарааж буй IP болон домэйн нэрүүдийг бүртгэж байдаг систем юм. Хамгаалалт муутай серверээр spam trap буюу занга тавьж, түүгээр дамжуулан спам, вирус явуулахыг оролдож байгаа IP/домэйнуудыг бүртгээд сууж байна гэсэн үг юм. Ийм төрлийн нийтэд зориулагдсан нилээд олон системүүд байх ба ихэнх нь судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан байдаг. Yahoo зэрэг өргөн цар хүрээтэй мэйл системтэй газар гадны зүйлд найдалгүйгээр өөрийн RBL-тэй байх нь бий.

Мэйл серверүүд гаднаас SMTP холболт үүсэх тоолонд RBL-үүдрүү асуулга явуулж шалгана гэсэн үг юм. Хэрэв энэ мэйл серверийн асуусан аль нэг RBL-д тухайн IP бүртгэгдсэн байвал, сервер холболт үүсгэхээс татгалзаж, энэ талаар товч тодорхой хариу өгнө. Аль RBL-үүдээс асуух вэ гэдгийг админ урьдчилж зааж өгсөн байх ба олон найдвартай RBL-с асууснаар спамтай тэмцэж чадна.

RBL-д орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Мэдээж мэйл явахгүй буцаж ирэх асуудлууд гарна(яваад таг болно гэсэн үг биш шүү!). Хүлээн авч байгаа талын SMTP мэйл сервер холболт үүсгэхээс татгалзах тул та энэ талаар тодорхой дурдсан мэйлийг хүлээн авах болно.

Миний IP RBL-д орчихсон юм болвуу?
http://www.robtex.com/rbls.html энэ хаягаар орж шалгаж үзээрэй. Хоосон цонхонд IP хаягаа бичээд GO товчин дээр дарна. 100 орчим RBL-д хайлт хийн үр дүнг танд үзүүлэх болно. Улаан мөрүүд гарч ирвэл таны IP тухайн RBL-д бүртгэгдсэн гэсэн үг юм.

Яагаад RBL-д бүртгэгддэг вэ?
Шалтгаан нь: галтхана, router зэрэг сүлжээний төхөөрөмжийн хувьд түүний цаана байгаа NAT хийгдсэн дотоод сүлжээний Windows PC-нүүд вирүстсэний улмааc сүлжээний төхөөрөмжийн гадаад IP-г ашиглан спамдаж байна гэсэн үг юм. Мэйл серверийн хувьд харин та гадны спамыг өөрөөрөө дамжуулж байна гэсэн үг дээ. Энэ нь таны мэйл сервер openrelay маягаар ажиллаж байна(хаа хамаагүй газрын мэйлийг relay хийх буюу дамжуулж байна), эсвэл таны спам/вирус филтер муу байна гэсэн үг юм. Мөн зарим тохиолдолд мэйл серверийн Reverse DNS бичлэг байхгүй бол бусад серверүүд SMTP холболт үүсгэхээс татгалздаг тул Reverse DNS бичлэг хийлгэхээ мартуузай!

Миний галтхана, router, мэйл сервер RBL-д орчиж, одоо яах вэ?
Таны галтхана, эсвэл router-н IP RBL-д оржээ. Мэдээж бүртгэгдсэн RBL-үүдийн бүртгэлээс өөрийн IP-г хасуулах арга хэмжээ авна. Хасах процесс RBL-үүдээс шалтгаалан янз янз байна. Зарим нь онлайн форм бөглүүлээд хялбархан хасчихдаг байхад, зарим нь зохисгүй зүйл хийсэн түвшинээс шалтгаалан мөнгө төлөхийг шаардана. Мөнгө төлөх шаардлагагүй ч нилээд хүнд шаардлага тавьж байж бүртгэлээс хасдаг газрууд байна. Тавигдах шаардлагууд: тухайн галтханаар NAT хийгдэн гарч буй бүх PC-ны вирусыг цэвэрлэх, хэрэв мэйл сервер бол openrelay хийхгүй байх, спам болон вирус филтерээ сайжруулах гэх зэрэг... За би ингэж, тэгэж системээ сайжрууллаа гэж мэйл бичээд хариуг нь хүлээн авах хүртэл 7-10 хоног лав шаардана. Гэтэл мэйл ажиллахгүй доголдоод байдаг...

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай бол галтхана, router-н хувьд IP-г нь солиод хэсэгхэн хугацаанд аргалж болох юм. Харин вирусээ цэвэрлэхгүй бол дахиад л BL-д орно. Хэрэв PC-г хэрэглэж байгаа хүмүүс энэ талаар ямар ч ойлголтгүй, байгууллагa дотроо чанга дүрэм мөрддөггүй бол вирусыг цэвэрлэж дуусна гэж байхгүй. Тиймээс галтханынхаа 25-р портыг хаан, зөвхөн зөвшөөрөгдсөн ганц мэйл серверээр(дээр нь спам/вирус филтер ажиллаж байгаа) мэйл трафикийг дамжуулах арга байж болно. Энэ нь ISP зэрэг үйлчилгээ үзүүлдэг газруудад илүү тохиромжтой.

Мэйл серверийн хувьд IP-г солино гэдэг хүндрэлтэй асуудал, DNS бичлэг шинэчлэгдэхэд дор хаяж нэг өдөр шаардагдах тул тэр хооронд мэйл хүлээн авах боломжгүй болно. Мэйл серверийнхээ спам/вирус филтерийг сайжруулахаас гадна, өөрийн болон гадны RBL-г ашиглах, relay хийх IP Zone, IP хаягуудыг нарийвчлан тогтоож шаардлагагүй бол relay хийхгүй байх нь хамгийн үр дүнтэй болохыг анхаараарай.


Friday, August 18, 2006

Spam шаналгаа

За ёстой энэ спам нэг шаналгаа болж байнаа. Бодвол хэрэглэгчдийн бухимдлыг бүр их хүргэдэг байх. SpamAssassin-3.1.4 шинэ хувилбар хүртэл upgrade хийж үзлээ. Онцын өөрчлөлт гарсангүй. Харин rblsmtpd-н RBL(Realtime Black List)-н тоогоо нэмж үзье гэж бодогдлоо. Одоо хэрэглэж байгаа RBL-ууд ямар ч байсан хангалтгүй байна. Тэгээд дараах RBL-үүдийг интернетээс хайж олоод нэмсэн.


bl.csma.biz
bl.spamcop.net
bl.spam-trap.net
blackhole.securitysage.com
blackholes.easynet.nl
blackholes.mail-abuse.org
blacklist.jippg.org
cbl.abuseat.org
combined.njabl.org
dev.null.dk
dnsbl.ahbl.org
dnsbl.sorbs.net
dsn.rfc-ignorant.org
dul.dnsbl.sorbs.net
dynablock.easynet.nl
list.dsbl.org
multihop.dsbl.org
opm.blitzed.org
proxies.blackholes.easynet.nl
psbl.surriel.com
relays.ordb.org
sbl.spamhaus.org
sbl-xbl.spamhaus.org
unconfirmed.dsbl.org


Ингээд нэг үзсэн гаднаас ирж байгаа мэйлийн тоо бараг 4 дахин багассан. Спам мэйл ч эрс цөөрсөн байна. Та нар ч гэсэн хэрэглээд үзээрэй. Мэдээж мэйл сервер дээр чинь SMTP connection үүсэх болгонд дээрх RBL-үүдээс хайлт хийх болохоор мэйл серверийн ачаалал ихсэх байх. Гэхдээ спам явуулж байгаа серверүүдээс connection үүсэх үед нь хаадаг болохоор спамаас хамгаалах хамгийн сайн аргуудын нэг юм шүү.