Friday, February 25, 2000

Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай

Дүрэм №44.
Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:
1. Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.

2. Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харъяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.

3. Харьяалахын тийн ялгалын –ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.
Харьяалахын тийн ялгалын –н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.

4. Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т:

- Т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.
- Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

5. Заахын тийн ялгалын –г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.
Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г, н үсэг сонстохгүй боловч энэхүү н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).

6. Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно. Сард авах, цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.

10 comments:

HuraiMongol said...

з-ээр төгссөн үгэнд -д залгах болов уу -т залгах болов уу? (хиргис+т=хиргист) гэж бичих ёстой шиг (киргиз+т=киргизт) гэж бичиж болох болов уу?

HuraiMongol said...

з-ээр төгссөн үгэнд -д залгах болов уу -т залгах болов уу? (хиргис+т=хиргист) гэж бичих ёстой шиг (киргиз+т=киргизт) гэж бичиж болох болов уу?

Amaanda said...

HuraiMongol bolno

Anonymous said...

Киргизэд гэх байх даа

Anonymous said...

з-гийн өмнөх и нь уртаар дуудагдах болохоор д дагавар нь урдаа эгшиг авна гэж бодож байна

Anonymous said...

Үгэнд дараалан орсон хоёр заримдаг гийгүүлэгчийн сүүлчийнх нь аль тод сонсогдох талдаа эгшиг авна гэсэн байна. Тиймээс "Киргизэд" гэж бичнэ.

Unknown said...

Чиглэхийн тийн ялгалын тухай оруулж өгөөч? 4 дүгээр ангийн дүү маань уруу, руу, рүү 3ыг яаж зохицуулж бичих вэ гэж асуухад нь таг болоодохов.

Anonymous said...

Уруу гээд эгшгээр эхэлсэнг нь гийгүүлэгчээр төгссөн үгэнд, руу гээд гийгүүлэгчээр эхэлсэнг нь эгшгээр төгссөн үгэнд залгах байх гэж ойлгож байна.
Ж нь: Мод уруу, хана руу гэх юм болов уу.Яг дүрмийн дагуу мэдэж байгаа хүн байвал хариулж тус болоорой.

Оогий said...

Шалгалтад сургалтанд 2үгийн аль нь зөв бэ

Tomche said...

Эрүүл мэндийн сан ЭМС (гэх мэт товчилсон үгэнд) -ийн нөхцөл залгахад ЭМС-гийн гэх үү? ЭМС-ийн гэх үү?