Showing posts with label IT Translation. Show all posts
Showing posts with label IT Translation. Show all posts

Thursday, February 21, 2008

Крилл монгол бичгийн дүрмийн талаар хэдэн үг...

Оршил.
OpenMN-ы Бадрал андын бүтээж буй үг үсгийн алдаа шалгагч aspell-mn програмыг шохоорхон судлаад нилээд хэд хонолоо. Болж өгвөл хуруу нэмээд, болохгүйд хүрвэл хушуу нэмэх санаатай арагш харуулж нэг үзээд, урагш харуулж ч нэг үзлээ. Уг нь "FreeBSD-н гарын авлага"-н орчуулгын ажил дуусахад Ганболд ах, Нацаг анд нар aspell-mn програмаар, өөрсдийн монгол үгийн санг үүсгээд үг үсгийн алдааг зассан явдал бий. Энэ бол бараг жилийн өмнөх явдал л даа. Харин би гэдэг хүн дөнгөж саяхнаас нухаж эхэлсэн нь, 2 жилийн өмнө Ганболд ахаас даруй 5-6 жилээр хоцорч явсныгаа бодоход үсрэнгүй хурд үзүүлж, жилд "2.5-3 жил"-н хурдаар энэ хүнийг нэхэж яваадаа дотроо жаахан баяртай байгаа билээ. За тэгээд нэгэнт сонирхоод судлаад ирэхээр монгол хэлний дүрэм гэдэг агуу зүйлтэй эгц нүүр тулан учирч, түүний алдаатай болон оноотой талуудыг өөрийн эрхгүй эргэцүүлэн бодох боллоо. Мөн 2 хоногийн өмнө ВИМО-гийн "Аялгуу сайхан Монгол хэл" бүлгэмд өрнөсөн халуухан мэтгэлцээнээс санаа авч энэ нийтлэлийг бичих боллоо.

Өрнөл.
Аspell дээр крилл монгол бичгийн харъяалахын тийн ялгалын нөхцөлийн хүснэгтийг хийж үзэх хүсэлдээ хөтлөгдөн, ямар үгэнд аль нөхцөлийг авч байна жаахан оролдоод явж байсан "эгшиг гээх ёс" дээр ирээд аргагүй гацав. Мөн ямар тохиолдолд -ын, ямар тохиолдолд -ны нөхцөлийг авч байна хараад байсан айхтар зүй тогтол ажиглагддаггүйээ. Тэгээд орчин цагийн крилл монгол бичгийн дүрэм хэр боловсронгуй болсон талаар нилээд бодлоо. Хүмүүс хоорондоо крилл бичиг сайн муу гээд их маргалддаг харагдсан. Хэргийн учир крилл ҮСЭГтээ бус крилл бичгийн ДҮРМЭНдээ байгаа болвуу...

Би хувьдаа крилл бичгийн дүрмийг их муу болсон гэж бодох болсон.

Жишээгээр дурдвал:

1. “Гээгдэх эгшгийн дүрэм” байна. Нөхцөл, дагавар залгаж байна гээд үгийн үндсийг өөрчлөөд хаячихдаг. Энэ нь нөхцөл, дагавар авсан үгийн үндэсийг эргүүлээд танихад хэцүү болгож байна. Гэтэл хуучин монгол бичигт нөхцөл бол үгээсээ тусдаа бичигддэг, дагавар авахад үндсэн үгэн дээрээ залгаад бичдэг болохоор хэдэн ч нөхцөл, дагавар авсан үгийн үндэс хэвээрээ л байдаг.

2. Мөн эр үгэнд ордог “ы”, бас эм үгэнд ордог “ий” гээд ерөөс байхгүй зүйл байна. Байхгүй зүйлийг зохиочихоод тэрэндээ тааруулж хоолойн г, хэлний үзүүрийн н-ийн ард залгана гэх мэтчилэн баахан дүрэм гаргасан. Би лав анх үсэг заалгаж байхдаа энэ “ы” үсгийг ер ойлгодоггүй байсан юм. "уй" гэж дууддаг гэж байгаа... ёстой инээдтэй, зарим нь дуудаж чадахгүй болохоороо 61-н "и" гэж хэл нэвтрэлцдэг гээч... угаасаа монгол хэлэнд ийм үсэг байхгүй юм чинь... дээр нь үүнтэй адил "ь","ъ" гэсэн үсэгнүүд байна. Монгол хэлэнд "ь"-г бид "и" гэж дуудагддаг, харин "ъ"-г огт дууддаггүй.

3. Мөн "Нэг үгэнд эр, эм эгшиг холилдож орохгүй" гэсэн дүрэм байна. Манай хадам эгч манай нөхрийг “Баяраа” биш “Баярээ” гэж дууддаг юм. Би мэдээж "яасан дүрмийн бус ярьдаг юм бэ" гэж боддог байсан. Тэгсэн саяхан AMONG-р нэг өвөрмонгол залуугийн бичсэн зарыг уншаад их сонирхолтой санагдсан. Нэг үгэнд эр, эм эгшгүүд холилдон орсон байна. Жишээ нь:

амтэтай – амттай
худэлдуна – худалдана
жарудэл – зардал
барэг - бараг
баеэрла – баярлалаа

гэх мэтчилэн... Дээрх үгнүүдийг монгол бичгээр бичвэл нутаг, нутгийнхан өөр өөрийн нутгийн аялгаараа унших боломжтой. Үүгээрээ хуучин монгол бичиг гайхамшигтай гэж би боддог.

4. Монгол хэлийг крилл үсэгт буулгахдаа үгийн адагт орсон, мөн үгийн дунд хоёр гийгүүлэгчийн дунд орсон дан эгшгүүдийг маш ихээр гээснээс орчин цагийн монгол хэл хатуу дуудлагатай болсон.

Тухайлбал, аав, ээж, ах, эгч, ус, мөс, цас, хэл... гээд бүгд хуучин монгол бичигт дан эгшгээр төгссөн үгнүүд байна. Гэтэл бид крилл бичигт буулгахдаа үгийн адагт орсон дан эгшгүүдийг бүгдийг гээсэн байна. Мөн үгийн дунд орсон дан эгшгийг гээсэн жишээнүүд улс, ард, төрсөн гэх мэтчилэн зөндөө байгаа. Аман хэл үлддэггүй, бичгийн хэл үлддэг гэсэн зарчмаар криллээр яаж бичдэг, түүгээрээ бид дуудсаар бидний монгол хэл хатуу дуудлагатай болжээ.

Энд ганц нэг жишээ дурдмаар байна. Бид ээжийг хуучин монгол бичгээр "эжи" гэж бичдэг. Хуучны киног үзэж байхад "Ижи минь" гэсэн үг их сонсогддог, сонсоход ч гэсэн зөөлөн сонсогдож байгаа биз. Гэтэл орчин цагын крилл монгол бичигт бид "ээж" гэж бичдэг болсоноос хойш бид ээжийгээ "ээж" гэж дууддаг болсон. Удахгүй бидний үе дуусахад ээжийгээ "ижи" гэж дуудах хүн олдохгүй болвуу, зөвхөн кинонд үлдэхийг үгүй гэх газаргүй.

Бас нэг жишээ бол, оюутан байхдаа Тэмүжиний тухай түрк зохиолчийн зохиолыг уншиж байсан билээ. Уг зохиол дээр тухайн үеийн монголчууд хоорондоо "мэндү" гэж мэндэлдэг байсан гэж байгаа. Хэрвээ бид "мэндү" гэж мэндэлдэг байсан бол одоо "мэнд!" гэж мэндлэх байсан болвуу...


Дээр нь нэмэж хэлэхэд, ингэж эх монгол хэлээ маш ихээр эвдсэнээс болж бид үүх түүхээ судлахад хүндрэлтэй болсон гэж би хувьдаа боддог. Монгол хэл ба эртний түрэг хэл хоорондоо маш төстэй, хуучин монгол бичгээр бичээд жаахан өөрөөр уншаад үзэхэд эртний түрэг хэлтэй дүйгээд ирдэг үгнүүд олон бий. Уул, усны нэрүүд дээр нилээд ажиглагддаг.

Жишээ нь: Туул голыг түрэгээр Tola гэнэ. Tola гэдэг нь “дүүрэн” гэсэн утгатай монгол гаралтай үг гэж түрэг хэлний тайлбар толь дээр бичсэн байна. Гэтэл бид Туул гэдгийг ямар утгатайг хэлж мэдэхгүй л сууж байна. Аягүй бол зарим нь “туулаад гар” гэсэн гээд тааж ч мэднэ.


Төгсгөл.
Монгол үгийг крилл бичгийн дүрмээр бус хуучин монгол бичгийн дүрмээр, ер эгшиг гээлгүй бичдэг байсан бол үг үсгийн алдаа шалгагч, хөрвүүлэгч хийхэд их дөхөм байх байж дээ гэж бодогдох боллоо. Ийм нэг санаа олоод нилээд олзуурхаад байна. Сайтар судалж үзэж байгаад энэ талаар дахин нэг нийтлэл бичнээ.


Та бүхний оюуны мэлмий тунгалаг байх болтугай.

Tuesday, April 10, 2007

FreeBSD гарын авлага монгол хэлнээ

Энэ гарын авлагыг орчуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн g0mb0 ах болон Нацаг анд хоёртоо хамгийн түрүүнд баяр хүргэеээ. Ийнхүү FreeBSD Handbook-н орчуулгын SVN-г 2006 оны 10 сарын 27-ны өдөр анх үүсгэснээс хойш 5 сарын турш үргэлжилсэн орчуулгын ажил дуусаж эхний хувилбараар бэлэн боллоо. Mongolian Unix user Group-н хуудаснаа гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь дор хавсаргав. Номын хур арвижих болтугай!

Unix төст FreeBSD үйлдлийн системийн гарын авлага (FreeBSD Handbook) англи хэлнээс монгол хэлнээ Монголын Unix Хэрэглэгчдийн Холбооны гишүүдийн хүчээр орчуулагдан дуусч, эх хэл дээрээ эрдэм номын эх үүсвэрээс хөрвүүлэх чухал үйлсэд дусал нэмэр болгож, альфа буюу анхдагч хувилбарыг уншигч олноо өргөн барихад бэлэн болоод байна. Хэдийгээр англи болон өөр бусад олон хэлүүд дээр энэхүү гарын авлага нь байдаг боловч эрдмийг эх хэл дээрээ сурах нь илүү үр өгөөжтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

FreeBSD үйлдлийн систем нь нээлттэй эх код бүхий, чөлөөтэй түгээгддэг, BSD төрлийн үйлдлийн систем юм. Өнөөдөр дэлхийн олон оронд оршин суугаа хэдэн зуугаар тоологдох хөгжүүлэгчид, хувь нэмэр оруулагчдын хүчээр энэ үйлдлийн систем нь хөгжиж байна. Найдвартай ажиллагаатай, хүчирхэг энэ үйлдлийн системийг банк, санхүүгийн байгууллага, их, дээд сургуулиуд, интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд зэрэг төрөл бүрийн байгууллагууд өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээндээ өнөөдөр ашигладгийг бид мэдэх билээ.

FreeBSD үйлдлийн системийн гарын авлага нь FreeBSD болон Unix-тэй төстэй үйлдлийн систем сурахыг хүссэн хүмүүс, оюутан сурагчид, сонирхогчид, системийн администратор хэн бүхэнд хэрэгцээтэй бүх мэдээллүүдийг агуулдаг. Энэ гарын авлага нь 29 бүлэгтэй бөгөөд Unix-ийн үндэс, хэрэглэгчийн бүртгэл зохицуулалт, X, аюулгүй байдал, хадгалалт, сүлжээ, галт хана, цахим шуудан зэрэг бүхий л төрлийн мэдээлэл, заавруудыг өөртөө багтаасан юм.

Энэхүү үйлдлийн системийн гарын авлагын орчуулга 2006 оны 10 сарын 27-ны өдрийн 15 цаг 12 минутад эх бичлэг удирдах SVN системийг зохион байгуулан анхны бичлэгээ оруулж, уг номын орчуулганд оролцох хүсэлтэй хүмүүст зориулж бяцхан заавар гаргаснаар эхэлсэн билээ.
Орчуулгын зааврыг доорх хаягаас үзнэ үү.

http://www.mnbsd.org/freebsd_mn_doc/readme_translators.txt

Таван сар гаруйн хугацаанд нийт 656 удаа өөрчлөлт, шинэчлэлт, засварууд FreeBSD гарын авлагын монгол орчуулганд хийгджээ. Орчуулга хийж байх явцад гарч байсан орчуулахад төвөгтэй, зарим нэг техникийн үг, хэллэгүүдээр толь бичиг үүсгэсэн болно. Мөн энэ хугацаанд FreeBSD үйлдлийн системийн англи гарын авлагад хийгдсэн өөрчлөлтүүдийг тухай бүр монгол орчуулгандаа тусган оруулж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эх бичлэг удирдах SVN серверийн хаягаас үзнэ үү.

http://202.179.0.82/cgi-bin/viewvc.cgi/freebsd_mn_doc/

Уг гарын авлага маань Docbook DTD-ийн дагуу SGML дээр хийгдсэн бөгөөд jade хэрэгсэл ашиглан өөр олон хэлбэр (txt, pdf, ps гэх мэт) рүү хөрвүүлэгдэх боломжтой юм. Ер нь аливаа компьютерийн холбогдолтой техникийн баримт, бичгийг Docbook ашиглан хийдэг билээ. Docbook-ийн талаар дэлгэрэнгүйг доорх хаягаас үзнэ үү.

http://www.docbook.org/whatis

Цаашид хийгдэх ажлуудыг дурдвал:

FreeBSD-ийн эх кодонд FreeBSD гарын авлагын монгол орчуулгыг албан есоор оруулах. Ингэснээр FreeBSD үйлдлийн системийн суулгалтын хоёр дахь CD-нд багтах боломжтой болох юм.
FreeBSD-ийн гарын авлагын англи эхэд хийгдсэн өөрчлөлтүүдийг монгол орчуулгад цаг тухайд нь оруулж байх.
Нээлттэй эх Docbook-д OpenMN багийн Санлигийн Бадралын 2005 онд оруулсан монгол орчуулгыг хянаж, засварлан Docbook арчлагч руу илгээж, Docbook болон Docbook DSSSL-ийн дараагийн хувилбарт монгол хэлээ оруулах. Одоогоор засвар (patch) ашиглан FreeBSD гарын авлагыг монгол хэлээрээ эмхэтгэх боломжтой байгаа бөгөөд, албан ёсоор орсон тохиолдолд энэ нь илүү хялбар болох юм. Мөн Docbook ашиглан эх хэлээрээ техникийн бичиг, баримт боловсруулах боломж хойшид бүрдэнэ.
Нээлттэй эх aspell хэрэгсэлд OpenMN багийн Санлигийн Бадралын оруулсан монгол хэлний үгсийн санг өргөтгөх. Үгсийн сан бараг бэлэн болоод байгаа бөгөөд ингэснээр энэ үгсийн санг aspell хэрэгсэлтэй цуг ашиглан FreeBSD гарын авлагын монгол орчуулга болон монголоор бичсэн бичиг, баримтын үг, үсгийн алдааг засварлах боломж бүрдэх юм. Мөн энэ үгсийн санг нээлттэй эхийн OpenOffice, Firefox, Thunderbird зэрэг програмууд дээр бас ашиглах боломжтой болно.
FreeBSD гарын авлагын монгол орчуулга дахь утга, найруулгын алдааг хянан тохиолдуулах.


FreeBSD гарын авлагын монгол орчуулга маань анхдагч хувилбар болохоор орчуулга, утга, найруулгын болоод уран сайхны бага зэргийн алдаатай байхыг үгүйсгэхгүй бөгөөд тийм тохиолдолд уншигч олныхоо санал, заавар, зөвлөгөөг хүлээн авахад бэлэн байна.

Монгол хэлнээ орчуулагдсан FreeBSD гарын авлагыг доорх хаягаас үзнэ үү.

http://www.mnbsd.org/freebsd_mn_doc/index.html

Англи эхийг доорх хаягаас үзнэ үү

http://www.freebsd.org/doc/en_US.ISO8859-1/books/handbook/index.html

Энэ дашрамд орчуулганд оролцож хэд хэдэн том, гол бүлгүүдийг орчуулсан Герман улсад суугаа Ш. Нацагдорж, Япон улсад суугаа Л. Баянзул нартаа гүн талархлаа илэрхийлье.

За ингээд олон юм нуршиж, уншигч олноо чилээсэндээ хүлцэл өчөөд энэ захиагаа жаргаая.

Монголын Unix хэрэглэгчид маш олон болж, уншигч олны маань оюун ухаан саруул, мэлмий хурц байх болтугай.

Хүндэтгэсэн,

Ц. Ганболд
Монголын Unix Хэрэглэгчдийн Холбоо
http://www.mnbsd.org/

2007 оны 4 сарын 10-ны өдөр.

Monday, December 11, 2006

Мэдээллийн Технологын орчуулгын талаар ...

Ойрд орчуулгын ажилтай зууралдаад тэрүү энэ асуудлаар дотроо бодож явлаа. Дөлөө энэ талаар блог бичнэ гэж байсан, тэрийгээ бичжээ. Ерөнхий санааг нь гаргасан байна, дээр нь бага сага зүйл нэмье.

MUG-н зүгээс "FreeBSD Гарын Авлага"-г орчуулж эхлээд байгаа билээ. Би хувьдаа энэ орчуулгын ажилд оролцож, нэг бүлгийг нь орчуулж эхлээд байна. Зөвхөн номыг орчуулахаас гадна, Мэдээллийн Технологын нэр томъёог орчуулах ажил давхар явагдаж байгаа болохоор энэ ажил жаахан удаан явж байгаа талтай. Ер нь орчуулга хийнэ гэдэг санасан шиг амархан ажил биш юм байна гэдгийг нилээд ойлгож авсан. Хүмүүст ойлгомжтой байхын дээр, чанартай сайн орчуулга хийхийн тулд их хөдөлмөр шаардана.

Тухайн нэг өгүүлбэрийг орчуулахын тулд эхлээд англи хэлний эх өгүүлбэрийг өмнөх өгүүлбэр, бүлгийн утга санаатай авцалдуулан сайтар ойлгож авна. Өгүүлбэрийг ойлгохын тулд мэдээж мэргэжлийн дадлага туршлага их хэрэгтэй санагдсан. Хичнээн хэл мэддэг байгаад сайн орчуулга хийж чадахгүй... Нэгэнт ойлгож авсан тул монгол өгүүлбэр болгоод буулгачихна. Дараа нь нэр томъёо, үгийн сонголт гэж нилээд том асуудал тулгарнаа... Нэр томъёог орчуулахын тулд англи хэлний тайлбар толь болон тухайн нэр томъёоны мэргэжлийн тайлбарыг уншина. Жишээ нь: "stateful firewall" гэдгийг орчуулах гэж нилээд бодсон. Гаднаас үүссэн холболтууд "state" буюу ямар нэг "төлөв"-т байдаг талаар ойлголттой байсан тул "төлөвт галтхана" гэж орчуулахаар шийдсэн. Мөн "firewall" гэдгийг хоёр үг нийлж нэг шинэ үг үүсгэж байгаа тул "галт хана" биш, "галтхана" гэж бичих нь зүйтэй санагдсан тул нийлүүлж бичиж байгаа... Мөн "source IP address" гэдгийг "эхлэл IP хаяг" гээд эвтэйхэн хэлчихэж болж байхад "destination IP address" гэдгийн destination-д оноочих нэр үг олж чадалгүй "очих IP хаяг" гээд орчуулчихсан байдаг...

Зарим үг яг сайхан таарсан үг олдож байхад, заримыг үнэхээр чадахгүй тул хамгийн дөхөм үгийг сонгож тавих байдлаар одоогийн байдлаар орчуулгаа хийж байна даа. Яваандаа бүх бүлгүүдийг орчуулж дууссаны дараа нэр томъёогоо эргэж нэг харъя гэж g0mb0 ахтай ярилцсан байгаа.

Гэх мэтчилэн орчуулгын талаар нилээд олон асуултууд тулгарсан тул Галаарид гуайн блогоос "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1,2"-г уншсаны дараа Мэдээллийн Технологын орчуулгын талаар зөвлөгөө өгөөч гэж гуйсан билээ. Бодвол түүний хариу байх Галаарид гуай шинэ нийлэлдээ IT-н орчуулгын талаар нилээд дурдсан байна лээ. Ер нь мэргэжлийн бус хүмүүс "үг болгоныг орчуулаад яах юм бэ? жишээ нь компьютер гэдгийг орчуулж яахийн, хүн болгон ойлгож байхад" гэсэн байр сууринаас ханддаг. Галаарид ах энэ талаар:

"Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг..."

гэжээ. Би хувьдаа эхний өгүүлбэртэй 100% санал нийлэхгүй байна. Би хувьдаа:

"...огт шинээр, зохиомлоор үүсгэсэн үгнээс бусдыг орчуулах боломжтой гэж боддог. Энэ салбарт ажилладаг болоод ч тэрүү, ер нь IT-н нэр томъёог орчуулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Яахав орчуулга муу, эсвэл тухайн үг дэндүү тогтвортой байвал хүмүүс хэрэглэхгүй үлдэнэ л биз. Мөн орчуулга шаардаад байгаа үгсийг хүмүүс сайн дураараа янз янзаар орчуулж байгаагаас энэ талын хэлшил зүгширч өгөхгүй байх шиг санагддаг. Стандарт гаргаад хэвшчихвэл бүгд хэрэглээд эхлэнэ гэж боддог. Өөрөө орчуулга хийж байгаа болохоор тэр юмуу монгол үгээ хэрэглээд ирэхээр сэтгэлд ойрхон буугаад байх болсон."

Үнэхээр сүүлийн үед мэргэжлийнхээ нэр томъёог монголоороо хэрэглэх үнэхээр таалагдаад байгаа. Орчуулганд оролцож байгаа Нацаг, дээр чатлахдаа "install" гэдгийн оронд "суулгац" гэж хэрэглэсэн нь надад сайхан санагдсан... Мөн энд жишээ дурдахад "build" гэдгийг би "үүсгэх" гэж орчуулаад байсан бол g0mb0 ах "бүтээх" гэж орчуулсан байсан нь илүү оновчтой санагдаад зассан байгаа.

Юутай ч энэ орчуулгын ажил дуусвал нилээд гайгүй үгсийн сан үүсэх байх гэж найдаж байгаа. IT-гийнхан хэдий завгүй ч орчуулгын ажилд идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа шүү.