Дүрэм №56.
Таслал (,):
Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина.
Таслалыг хэрэглэх нь:
1. Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.
Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.
2. Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тулд тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга-ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан-Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан-Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав. гэх мэт.
3. Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводад хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгаан хөрөөний тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.
4. Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна. гэх мэт.
5. Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.
6. Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.
Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт орж чичирж байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавибал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавибал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment