Wednesday, April 16, 2008

Linux Install Fest - 2 жилийн ойд

Анхны Linux Install Fest арга хэмжээ 2006 оны 4 сарын 7-нд болж байлаа гэж...

Анх MUUG, OpenMN-ий санаачлагаар Монголд анх удаа Linux Install Fest арга хэмжээг 2006 оны 4 сарын 7 өдөр, МТҮП-д зохион явуулж байлаа. Хурлын танхимд илтгэлүүд, гадаах зааланд линукс тархацуудыг суулгасан машинуудыг үзүүлж, мөн өөрийн PC-г авчирсан хүмүүст линукс суулгаж өгч байлаа...

MUUG, OpenMN, Micom, Mobinet, NetSoft, NewcomSystems зэрэг байгууллагуудын хандив, оролцоогоор бүтсэн. Компаниуд өөрийн сурталчилгаа, логог наасан Ubuntu CD тараасныг та бүхэн бас санаж байгаа байхаа...

Бужигнаж байгаад дурсгалын зураг авхуулахаа ч таг мартсан байсан.
http://www.installfest.mn/ хаяг дээр хөөрхөн танилцуулга байсан юмсан, одоо бодвол домэйны хугацаа нь дууссан бололтой. Хэрэв санамсаргүй авсан зураг байвал бидэнд илгээгээрэй...


Эргэн дурсахад...

------------------------------------------------------------------------------------------------------------
Монголд анх удаа OpenMN, MUUG хамтран Нээлттэй эх сонирхогчдын хувьд маш чухалд тооцогддог Linux Install Fest хэмээх арга хэмжээг 4 сарын 7-нд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохиох гэж байна.



Монголд анх удаа Linux Install Fest хэмээх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ийм арга хэмжээ олон жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн бөгөөд тус арга хэмжээний үеэр Нээлттэй эхийн (OpenSource) гол төлөөлөл болох Линукс үйлдлийн системийг сонирхогчид харилцан туршлага солилцож, илүү чадвартай хүмүүс нь анхлан суралцагчиддаа тусламж үзүүлдэг байна. Мөн хамгийн сонирхолтой нь та өөрийн компьютероо авч ирэн Линукс суулгуулах ч боломжтой байдаг ажээ.

Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд хөгжингүй, хөгжиж буй болон буурай орнууд нээлттэй эх буюу open source-г өөрсдийн мэдээллийн технологийн хөгжлийн гол түлхүүр болгон ашиглаж байна. Мөн НҮБ нь нээлттэй эхийг хөгжиж буй болон буурай улс орнуудад илүү түлхүү нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой болохыг судалж, зарлалаа.

Нээлттэй эх нь тухайн програм хангамжийн хөгжлийг ил тод, хараат бус, нийтийн ашиг сонирхолыг агуулсан, найдвартай, тогтвортой, чанартай байх боломжийг хангадаг. Линукс (linux) нь нээлттэй эхийн хамгийн том төлөөлөгчдийн нэг бөгөөд бүхий л салбарт хамгийн өргөн тархсан нээлттэй эхийн үйлдлийн систем юм. Линуксыг анх 1991 онд Финляндын оюутан Линус гэх залуу өөрийн хэрэгцээнд нийцсэн үйлдлийн системийг хөгжүүлэх зорилгоор үүсгэжээ. Түүнээс хойш 15 жилийн хугацаанд генийн шинжилгээ, робот үйлдвэрлэл, ахуйн цахилгаан бараа гэх мэт түүнийг огт ашиглаагүй салбар гэж үгүй болжээ. Linux Install Fest гэх энэхүү арга хэмжээ нь анх линукс үүссэн цагаас хойш олон улсын хэмжээнд зохиогдож байгаа бөгөөд гол зорилго нь линукс үйлдлийн систем хэрэглэгчдийн туршлагыг солилцуулах, анхан суралцаж байгаа болон туршлага нимгэн нэгдээ туршлагатай хэрэглэгчид суулгах болон тохируулахад туслахад оршино.

Монголын мэдээллийн технологийн болон бусад бүхий л салбарт хаалттай системүүд илүү ихээр нэвтэрч үүнийгээ дагаад Microsoft гэх мэт гадаадын компаниудын нөлөө ихэсч байна. Үүний эсрэгээр Монгол Улсад нээлттэй эхийг таниулах, сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Сүхбаатарын Дөлмандахын санаачлагаар OpenMN буюу “НээлттэйМН” ТББ, MUUG буюу “Ганц Мэдээлэл ба Тооцоолох Холбоо” ТББ хамтран монголын анхны Linux Install Fest-г Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, “НэтСофт”ХХК, “МобиНэт”ХХК, “Миком”ХХК, "Ди Эйч Технологи" ХХК-нуудын дэмжлэгтэйгээр 2006 оны 4-р сарын 7-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөр:

Хурлын танхимд:

11:00 – Нээлтийн ажиллагаа
11:10 – Нээлттэй эх гэж юу вэ илтгэл
11:30 – Юникс гэж юу вэ, түүний түүх, өнөөгийн байдал илтгэл
12:00 - Нээлттэй эхийн хөгжлийн загвар илтгэл
12:20 – USI компаний боловсруулсан нээлттэй эхийн бүтээгдэхүүний танилцуулга
12:40 - Завсарлага
13:00 – Линукс гэж юу вэ, түүх, өнөөгийн байдал илтгэл
13:20 – Линукс системүүд Windows-г бүрэн орлож чадна илтгэл
13:40 – Юникс файлын системийн үндэс илтгэл
14:00 – Монголын нээлттэй эхийн байдал, асуудлууд
14:20 – Revolution OS кино монгол хэлээр (1 цаг 25 минут)
19:00 - Хаалтын ажиллагаа

Үзэсгэлэнгийн танхимд:

- Нээлттэй эхийн үйлдлийн системүүдийн үзүүлэн
- Суулгах, зөвлөгөө өгөх
- Ubuntu линукс тархацын дискийг тараах

Мэдээж "Linux Install Fest"-ийн сонгодог утгаар та өөрийнхөө компьютерийг 4 сарын 7-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр авч ирээд Линукс суулгуулж болно.

------------------------------------------------------------------------------------------------------------

No comments: