Showing posts with label MUUG - Unix Beer Party. Show all posts
Showing posts with label MUUG - Unix Beer Party. Show all posts

Tuesday, July 27, 2010

Open Beer Party - June 17

Сайн байцгаана уу? Монгол явж амраад, сайхан яваад ирлээ. Линукс бүлгэмийн залуучуудтай танилцаж, богинохон ч гэсэн уулзаж ярилцаж амжлаа. Уулзалтыг зохион байгуулсан Дөлөөдөө бас юуны түрүүнд баярласнаа хэлье. Бүгдийнх нь нэрийг нэг бүрчлэн санахгүй байна, гэхдээ та бүгдтэй уулзаж ярилцах боломж олдсоноо энд дурдахгүй байж болохгүй санагдлаа. Дараа Монголдоо, эсвэл дэлхийн хаана ч юм уулзаж, эсвэл гар нийлж ажиллах боломж олдох байх гэсэн сайхан үгсээр энэхүү бичлэгийг өндөрлөе.

Блогоо бичиж байгаач гэсэн урмын үг өгсөнд баярлалаа... Одоо хийж байгаа ажил маань блогтой маань нэг их хамааралгүй ч, IT дотроо санхүүгийн системтэй холбоотой ажиллах хүсэлтэй хэн нэгэнд бас хэрэг болох ч юм болвуу гэж бодоод санаанд орсноосоо бичиж байхыг хичээх болно...


Хүндэтгэсэн,
baynaa

Wednesday, April 16, 2008

Open Beer Party - 4 сар

Уламжлал ёсоор энэ сарын Open Beer Party маань 2008 оны 4-р сарын 16-ны өдөр 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох нь...


Монголд байгаа залуусаа,
Энэ өдөр та бүхэн өргөнөөр оролцож андын хүрээгээ тэлж, хуучин холбоогоо бататгаж, нээлттэй эхийн програм хангамжийг монголдоо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцоорой.


Энэ жилийн Linux Install Fest - 2008-н сураг бас сонсогдоод байна шүү...

Linux Install Fest - 2 жилийн ойд

Анхны Linux Install Fest арга хэмжээ 2006 оны 4 сарын 7-нд болж байлаа гэж...

Анх MUUG, OpenMN-ий санаачлагаар Монголд анх удаа Linux Install Fest арга хэмжээг 2006 оны 4 сарын 7 өдөр, МТҮП-д зохион явуулж байлаа. Хурлын танхимд илтгэлүүд, гадаах зааланд линукс тархацуудыг суулгасан машинуудыг үзүүлж, мөн өөрийн PC-г авчирсан хүмүүст линукс суулгаж өгч байлаа...

MUUG, OpenMN, Micom, Mobinet, NetSoft, NewcomSystems зэрэг байгууллагуудын хандив, оролцоогоор бүтсэн. Компаниуд өөрийн сурталчилгаа, логог наасан Ubuntu CD тараасныг та бүхэн бас санаж байгаа байхаа...

Бужигнаж байгаад дурсгалын зураг авхуулахаа ч таг мартсан байсан.
http://www.installfest.mn/ хаяг дээр хөөрхөн танилцуулга байсан юмсан, одоо бодвол домэйны хугацаа нь дууссан бололтой. Хэрэв санамсаргүй авсан зураг байвал бидэнд илгээгээрэй...


Эргэн дурсахад...

------------------------------------------------------------------------------------------------------------
Монголд анх удаа OpenMN, MUUG хамтран Нээлттэй эх сонирхогчдын хувьд маш чухалд тооцогддог Linux Install Fest хэмээх арга хэмжээг 4 сарын 7-нд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохиох гэж байна.



Монголд анх удаа Linux Install Fest хэмээх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ийм арга хэмжээ олон жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн бөгөөд тус арга хэмжээний үеэр Нээлттэй эхийн (OpenSource) гол төлөөлөл болох Линукс үйлдлийн системийг сонирхогчид харилцан туршлага солилцож, илүү чадвартай хүмүүс нь анхлан суралцагчиддаа тусламж үзүүлдэг байна. Мөн хамгийн сонирхолтой нь та өөрийн компьютероо авч ирэн Линукс суулгуулах ч боломжтой байдаг ажээ.

Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд хөгжингүй, хөгжиж буй болон буурай орнууд нээлттэй эх буюу open source-г өөрсдийн мэдээллийн технологийн хөгжлийн гол түлхүүр болгон ашиглаж байна. Мөн НҮБ нь нээлттэй эхийг хөгжиж буй болон буурай улс орнуудад илүү түлхүү нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой болохыг судалж, зарлалаа.

Нээлттэй эх нь тухайн програм хангамжийн хөгжлийг ил тод, хараат бус, нийтийн ашиг сонирхолыг агуулсан, найдвартай, тогтвортой, чанартай байх боломжийг хангадаг. Линукс (linux) нь нээлттэй эхийн хамгийн том төлөөлөгчдийн нэг бөгөөд бүхий л салбарт хамгийн өргөн тархсан нээлттэй эхийн үйлдлийн систем юм. Линуксыг анх 1991 онд Финляндын оюутан Линус гэх залуу өөрийн хэрэгцээнд нийцсэн үйлдлийн системийг хөгжүүлэх зорилгоор үүсгэжээ. Түүнээс хойш 15 жилийн хугацаанд генийн шинжилгээ, робот үйлдвэрлэл, ахуйн цахилгаан бараа гэх мэт түүнийг огт ашиглаагүй салбар гэж үгүй болжээ. Linux Install Fest гэх энэхүү арга хэмжээ нь анх линукс үүссэн цагаас хойш олон улсын хэмжээнд зохиогдож байгаа бөгөөд гол зорилго нь линукс үйлдлийн систем хэрэглэгчдийн туршлагыг солилцуулах, анхан суралцаж байгаа болон туршлага нимгэн нэгдээ туршлагатай хэрэглэгчид суулгах болон тохируулахад туслахад оршино.

Монголын мэдээллийн технологийн болон бусад бүхий л салбарт хаалттай системүүд илүү ихээр нэвтэрч үүнийгээ дагаад Microsoft гэх мэт гадаадын компаниудын нөлөө ихэсч байна. Үүний эсрэгээр Монгол Улсад нээлттэй эхийг таниулах, сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Сүхбаатарын Дөлмандахын санаачлагаар OpenMN буюу “НээлттэйМН” ТББ, MUUG буюу “Ганц Мэдээлэл ба Тооцоолох Холбоо” ТББ хамтран монголын анхны Linux Install Fest-г Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, “НэтСофт”ХХК, “МобиНэт”ХХК, “Миком”ХХК, "Ди Эйч Технологи" ХХК-нуудын дэмжлэгтэйгээр 2006 оны 4-р сарын 7-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөр:

Хурлын танхимд:

11:00 – Нээлтийн ажиллагаа
11:10 – Нээлттэй эх гэж юу вэ илтгэл
11:30 – Юникс гэж юу вэ, түүний түүх, өнөөгийн байдал илтгэл
12:00 - Нээлттэй эхийн хөгжлийн загвар илтгэл
12:20 – USI компаний боловсруулсан нээлттэй эхийн бүтээгдэхүүний танилцуулга
12:40 - Завсарлага
13:00 – Линукс гэж юу вэ, түүх, өнөөгийн байдал илтгэл
13:20 – Линукс системүүд Windows-г бүрэн орлож чадна илтгэл
13:40 – Юникс файлын системийн үндэс илтгэл
14:00 – Монголын нээлттэй эхийн байдал, асуудлууд
14:20 – Revolution OS кино монгол хэлээр (1 цаг 25 минут)
19:00 - Хаалтын ажиллагаа

Үзэсгэлэнгийн танхимд:

- Нээлттэй эхийн үйлдлийн системүүдийн үзүүлэн
- Суулгах, зөвлөгөө өгөх
- Ubuntu линукс тархацын дискийг тараах

Мэдээж "Linux Install Fest"-ийн сонгодог утгаар та өөрийнхөө компьютерийг 4 сарын 7-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр авч ирээд Линукс суулгуулж болно.

------------------------------------------------------------------------------------------------------------

Monday, November 05, 2007

GNU төслийн удирдагч

За юутай ч энэ мундаг хүний ярьж хэлсэнийг эх хэлээрээ өөрийн ойлгосноор өмнөх нийтлэлдээ сийрүүлж бичлээ. Ер нь хуулийнханд зориулсан арга хэмжээ байсан тул инженер надад бол жаахан ойлгомжгүй, хэлж ярьсаныг нь ойлгоод ч байгаа юм шиг, бас сайн ойлгож өгөхгүй байгаа юм шиг жаахан хэцүүхэн л байлаа.

Түүний өмнөхөн Дэлхийн Оюуны Өмчийн Газрын Япон дахь салбарын дарга яриа хийж байхад түүнийг яриулахгүй дундуур нь хэд хэд таслаад, өрөөн дотуур нэг булангаас нөгөө буланруу явангаа ярих зэрэг байдлыг нь хараад жаахан ширүүхэн нөхөр юмаа гэж бодож байлаа. Гэхдээ энэ хүний ярьж хэлж байгааг сонсоод, мөн түүний амьдрал бүтээлийг нь эргэцүүлж бодоход энэ хүн бусдын төлөө өөрийн амьдралыг яагаад ингэж зориулж байгаа юм бол доо гэж бодогдмоор. MIT-д цалингүй ажилладаг, мөн аж байдлыг нь харахад энэ хүн хийж байгаа ажлынхаа төлөө үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан санагдана. Хуралд нэг их олон хүн суусангүй 50-60 орчим оюутнууд ирсэн байсан. Илтгэлийнхээ дараа өөрт ноогдсон жижигхэн ширээн дээр GNU төслийн логотой тэмдэг, түлхүүрний оосор, бас өөрийн бичсэн нийтлэлүүдийн түүвэр номыг зарж байлаа. Хүмүүс шавааралдаад бас дээр нь худалдагчийн үүрэг хүлээж буй Richard Stallman-тай маш товчхон хэдэн үг сольж амжив.

Эхлээд зарж байсан зүйлсээс нь хэдийг худалдаж аваад... :) (гэхдээ энд бас нэг учир байна.) , дараа нь MUG-н логотой тэмдгээ дурсгаад гарын үсгийг нь зуруулж авсан. Гарын үсгээ зурахдаа "Happy Hacking" гэж заавал бичдэг юм байна лээ. Энэ үг тэр хүний имиж болчихсон үг бололтой, явахдаа баяртай гэж хэлсэн чинь харин өөдөөс "Happy Hacking" гэдэг байгаа. Хамгийн түрүүнд:
- Та ямар үйлдлийн систем ашигладаг вэ? гэж асуулаа.
- "GNU/Linux" гэж хариулж байна.
- Яг ямар distribution-г нь хэрэглэдэг вэ?
- "GNU Sense"
- GNU цөмийг хөгжүүлэхээ зогсоочихсон юмуу?
- Үгүй. Нээлттэй эхийн өөр цөм (Linux) нэгэнт гарчихсан болохоор бид үүнийг чухалчилж нэгдүгээрт тавихаа больсон.

За бидний хооронд иймэрхүү товчхон яриа боллоо. Дараа нь хамтдаа патераа татуулсан.
RMS-н гараас худалдаж авсан зүйлс болон түүний гарын үсгийг MUUG-т дурсгал болгон үлдээе гэсэн бодолтой байна. Мөн энд хэвлүүлсэн цөөхөн тэмдэгийг хамт өгч явуулах бодолтой байна.

Richard Stallman - "Copyright vs Community" - Nagoya, 26 Oct 2007

Энэ хүн миний мэдэх одоо амьд байгаа хамгийн агуу хүмүүсийн нэг. GNU төслөөр зогсохгүй түүний гаргаж ирсэн "Чөлөөт програм хангамж"-н тухай ойлголт нь түүнийг мөн агуу философич болохыг нь гэрчилнэ.

"Сopyright" гэдэг нь анх Англид "хэвлэгчдэд шалгуур тавих" зорилгоор гарч ирсэн ойлголт бөгөөд өнөө цагт software буюу програм хангамжийн салбарт зохиогч-хэвлэгч-хэрэглэгчийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байгаа талаар Richard Stallman энэ орой хийсэн ярилцлагадаа дурдаж байлаа.

Түүний хэлсэнээр одоо үйлчилж байгаа зохиогчийн эрхийг хамгаалах систем нь орчин цагын компьютерийн сүлжээний орчинд тохирохгүй байгаа ба, АНУ-н Үндсэн Хуулинд заасанчлан "... to promote progress for benefit of public" (монголоор "нийтийн тусын тулд дэвшил хөгжилийг дэмжих") гэсэн үндсэн үүргээсээ дэндүү хазайж ийм төрлийн эрхээс ашиг олдог мега корпорациудын эрх мэдлээ улам их болгох зэвсэг болон хувирсан.

Хамгийн энгийн жишээ бол интернетээр дуу хөгжим хуваалцах байна. Оюуны өмчийн байгууллага үүнийг хууль бус үйлдэл гэж үздэг. Түүний хэлсэнээр харин ч энэ нь тухайн уран бүтээлчийн бүтээлийг олны хүртээл болгож байгаа асуудал юм. Хүмүүсийг өөрийн худалдан авсан дуу хөгжимийг интернетийн орчинд бусадтайгаа хуваалцах боломжийг олгосоноор үнэхээр уран бүтээлчид орлогоо алдаж байнуу? Зөвхөн супер одуудын хувьд л тийм байдаг гэж тэрээр хэллээ. Мэдээж энэ завсар нэлээд хэдэн тоо баримт жишээ дурдаад амжив. Олны танил болоогүй, жирийн нэг уран бүтээлчийн хувьд CD Бичлэгийн компаниуд зарагдсан CD бүрээс 4%-г уран бүтээлчид өгдөг, анх гэрээ хийхдээ хэвлэх эрхийг нь өөрийн болгоод авчдаг юм байна. Эцэст нь уран бүтээлч өөрийн хийсэн бүтээлээ өөр газраар хэвлүүлье гэхээр эрх нь байдаггүй гэнэ. За нэг иймэрхүү байдлаар CD бичлэгийн компаниуд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн, copyright-р далайлган зохиогч ба олон нийтийн аль алиных нь эрхийг хязгаарлаж байна гэж үзжээ.

Энд дурдсэн нэг жишээ бол Уолт Дисней компанийн Mickey хулганын хуулбарлах эрх байна. Уг нь ном ёсоороо бол copyright нь хэсэг хугацааны туршид хэн нэгний мэдэлд байж байгаад хугацаа нь дуусахаар public domain-д шилжих ёстой буюу өөрөөр хэлбэл олон нийтэд чөлөөтэй болох ёстой байдаг юм байна. Гэтэл Уолт Дисней компани Mickey-гийн 2003 онд дуусах ёстой байсан хуулбарлах эрхийг дахин 20 жилээр сунгахыг АНУ-н Конгрессоор зөвшөөрүүлж чадсан нь нилээд шуугиан дэгдээжээ. Энэ нь мэдээж Уолт Дисней компанийн "хандив" нэртэй 6.3сая долларын лоббины үр дүн байлаа.

Гэх мэтчилэн мега корпорациудын эрх мэдлээ хадгалах гэсэн өөр нэг арга бол DRM (Digital Rights Management) юм. Richard Stallman DRM-г Digital Restrictions Management, CD-г Corrupt Disk гэж нэглэж байсан нь түүний үзэл санааг улам тод болгож байлаа. DRM гэдэг нь дижитал бүтээлийг чөлөөтэй хуулбарлаж, дамжуулахын эсрэг хийгдсэн системийг нийтэд нь хэлэх бөгөөд эдгээрийн тоонд DVD-г кодлоход зориулагдсан CCS, Sony-гийн гаргасан AACS зэрэг кодлох системүүд орно. За ер нь юу ч гэсэн нэртэй бай, таныг өөрийн худалдаж авсан кино болон дууг чөлөөтэй хуулбарлах эсвэл зөөвөрлөх боломжгүй болгоно гэсэн үг.
(http://www.defectivebydesign.com хуудаснаас эдгээр системүүдийн талаар мэдэж авнуу)
Гэтэл 1998 онд АНУ-д батлагдсан Digital Millenium Copyright Act (DMCA) нь дээрх системээр хамгаалагдсан дижитал бүтээлийг кракдаж хэрэглэхийг хориглосон хийгээд хэрэв зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан нь "creative freedom" буюу бүтээлч эрх чөлөөг хязгаарласан явдал болсон гэж үздэг юм байна. Дээрх баримт бичгийн дагуу Napster-г хаахад хүрсэн билээ.

За дуу хөгжим, кино нэг тийм байдаг юм байж. Гэтэл DRM гэдэг энэ гайхалтай зүйл цахим ном буюу eBook-д бас нэвтэрчээ. RMS-н хэлснээр энэ нь "уншигчийн эрх чөлөө"-г зөрчиж байна. Хэвлэмэл ном худалдаж авсан хүний эдэлж чадах авсан номоо буцааж номын дэлгүүрт эсвэл хэн нэгэнд зарах, найздаа түр зээлүүлэх, үр хүүхэддээ өвлүүлэх цаашилбал номын сангаас ном авч унших зэрэг эрхүүд зөрчигдөж байгаа юм байна. Тэр энэ талаар 1997 онд "Right to read" нэртэй нийтлэл бичжээ. Уншигчийн эдгээр эрхийг олгож чадаагүй байж eBook-г тэгэтлээ их сурталчилж байгаа нь ямар нэг том компанийн бизнесийн ашиг сонирхол гэж тэрээр үзэж байна.

Эцэст нь "Compromised Copyright System" нь энэ төрлийн харилцааг зохицуулах арга зам байж болох талаар дурдаад өнгөрлөө. Ярилцлагын цаг дууссан тул энэ талаар дэлгэрүүлж ярьсангүй ярилцлага өндөрлөв.

Жилийн өмнө хийсэн өөр нэг "Copyright vs Community" нэртэй илтгэл дээр RMS-н хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНЭ линкээр орж үзнэ үү.

Wednesday, April 11, 2007

Unix Beer Party-гаа санаж байна шүү...


Монголд байхдаа оролцсон хамгийн сүүлийн UBP маань 12 сарын unix beer party байлаа. Тэрнээс хойш 2007 он гараад 3-н ч сар өнгөржээ. liMNux-н хуудсаар ороод гарсан өнөөдөр UBP маань Open Beer Party нэртэйгээр зохиогдох гэж байна. Монголдоо байсан бол мэргэжил нэгтнүүдтэйгээ сайхан буу халж суухгүй юу. Дөлөө, Нүүнээ 2 ч ирэх нь мэдээж, Буянзаяа-г уруу тараад очих байсан байх магадгүй. Нисэхийн Номин гээд ажилдаа дуртай шинэхэн сисадмин, бас Холбооны сургуулийг дөнгөж төгссөн Энжга гээд алаг нүдтэй охин хамт ирэх байсан байх. g0mb0 ах, Баска ах хоёр ажил ихтэй завгүй гэсээр орж ирж ч магад. Анагаахын Баянмөнх нэг яриа нь халах юм бол анагаахын ухааны лекц ч уншиж магадгүй хэхэ.

Японд чинь япон хүмүүс л байх юм гэдэг шиг дан япон хүмүүс байхаас гадна Unix ярьчих хүн даан ч ховор юм дөө... Энд linux эсвэл unix usergroup гэж байдаг ч юмуу бүү мэд. Дээх нь нэг вебээр нь орсон вебийг нь ойлгох ч юм алга, лав л монголд байдаг шиг сар бүр уулздаггүй бололтой. Хаа холын Японоос Монголынхоо UBP-г мөрөөдөж сууна даа би...

2007 он гараад зохиогдсон beer party-ны талаар бичсэн хүмүүсийн нийтлэлийг тоймловол:

UBP 1 сар
MUG - UBP 2007.1
Дөлөө - UBP 2007.1 болчлоо гэж
Ганбат - Unix Beer Party
ICT-Zone - UNIX beer Party

UBP 2 сар
liMNux - UBP 2007.2-г зарлаж байна

UBP 3 сар

MUG - UBP 2007.3-г зарлаж байна
liMNux - UBP 2007.3-г зарлаж байна

OBP 4 сар

liMNux - OBP 2007.4 зарлаж байна


Beer Party-ныхаа сонин сайхнаас бичээчээ хүмүүсээ!

Tuesday, April 10, 2007

FreeBSD гарын авлага монгол хэлнээ

Энэ гарын авлагыг орчуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн g0mb0 ах болон Нацаг анд хоёртоо хамгийн түрүүнд баяр хүргэеээ. Ийнхүү FreeBSD Handbook-н орчуулгын SVN-г 2006 оны 10 сарын 27-ны өдөр анх үүсгэснээс хойш 5 сарын турш үргэлжилсэн орчуулгын ажил дуусаж эхний хувилбараар бэлэн боллоо. Mongolian Unix user Group-н хуудаснаа гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь дор хавсаргав. Номын хур арвижих болтугай!

Unix төст FreeBSD үйлдлийн системийн гарын авлага (FreeBSD Handbook) англи хэлнээс монгол хэлнээ Монголын Unix Хэрэглэгчдийн Холбооны гишүүдийн хүчээр орчуулагдан дуусч, эх хэл дээрээ эрдэм номын эх үүсвэрээс хөрвүүлэх чухал үйлсэд дусал нэмэр болгож, альфа буюу анхдагч хувилбарыг уншигч олноо өргөн барихад бэлэн болоод байна. Хэдийгээр англи болон өөр бусад олон хэлүүд дээр энэхүү гарын авлага нь байдаг боловч эрдмийг эх хэл дээрээ сурах нь илүү үр өгөөжтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

FreeBSD үйлдлийн систем нь нээлттэй эх код бүхий, чөлөөтэй түгээгддэг, BSD төрлийн үйлдлийн систем юм. Өнөөдөр дэлхийн олон оронд оршин суугаа хэдэн зуугаар тоологдох хөгжүүлэгчид, хувь нэмэр оруулагчдын хүчээр энэ үйлдлийн систем нь хөгжиж байна. Найдвартай ажиллагаатай, хүчирхэг энэ үйлдлийн системийг банк, санхүүгийн байгууллага, их, дээд сургуулиуд, интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд зэрэг төрөл бүрийн байгууллагууд өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээндээ өнөөдөр ашигладгийг бид мэдэх билээ.

FreeBSD үйлдлийн системийн гарын авлага нь FreeBSD болон Unix-тэй төстэй үйлдлийн систем сурахыг хүссэн хүмүүс, оюутан сурагчид, сонирхогчид, системийн администратор хэн бүхэнд хэрэгцээтэй бүх мэдээллүүдийг агуулдаг. Энэ гарын авлага нь 29 бүлэгтэй бөгөөд Unix-ийн үндэс, хэрэглэгчийн бүртгэл зохицуулалт, X, аюулгүй байдал, хадгалалт, сүлжээ, галт хана, цахим шуудан зэрэг бүхий л төрлийн мэдээлэл, заавруудыг өөртөө багтаасан юм.

Энэхүү үйлдлийн системийн гарын авлагын орчуулга 2006 оны 10 сарын 27-ны өдрийн 15 цаг 12 минутад эх бичлэг удирдах SVN системийг зохион байгуулан анхны бичлэгээ оруулж, уг номын орчуулганд оролцох хүсэлтэй хүмүүст зориулж бяцхан заавар гаргаснаар эхэлсэн билээ.
Орчуулгын зааврыг доорх хаягаас үзнэ үү.

http://www.mnbsd.org/freebsd_mn_doc/readme_translators.txt

Таван сар гаруйн хугацаанд нийт 656 удаа өөрчлөлт, шинэчлэлт, засварууд FreeBSD гарын авлагын монгол орчуулганд хийгджээ. Орчуулга хийж байх явцад гарч байсан орчуулахад төвөгтэй, зарим нэг техникийн үг, хэллэгүүдээр толь бичиг үүсгэсэн болно. Мөн энэ хугацаанд FreeBSD үйлдлийн системийн англи гарын авлагад хийгдсэн өөрчлөлтүүдийг тухай бүр монгол орчуулгандаа тусган оруулж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эх бичлэг удирдах SVN серверийн хаягаас үзнэ үү.

http://202.179.0.82/cgi-bin/viewvc.cgi/freebsd_mn_doc/

Уг гарын авлага маань Docbook DTD-ийн дагуу SGML дээр хийгдсэн бөгөөд jade хэрэгсэл ашиглан өөр олон хэлбэр (txt, pdf, ps гэх мэт) рүү хөрвүүлэгдэх боломжтой юм. Ер нь аливаа компьютерийн холбогдолтой техникийн баримт, бичгийг Docbook ашиглан хийдэг билээ. Docbook-ийн талаар дэлгэрэнгүйг доорх хаягаас үзнэ үү.

http://www.docbook.org/whatis

Цаашид хийгдэх ажлуудыг дурдвал:

FreeBSD-ийн эх кодонд FreeBSD гарын авлагын монгол орчуулгыг албан есоор оруулах. Ингэснээр FreeBSD үйлдлийн системийн суулгалтын хоёр дахь CD-нд багтах боломжтой болох юм.
FreeBSD-ийн гарын авлагын англи эхэд хийгдсэн өөрчлөлтүүдийг монгол орчуулгад цаг тухайд нь оруулж байх.
Нээлттэй эх Docbook-д OpenMN багийн Санлигийн Бадралын 2005 онд оруулсан монгол орчуулгыг хянаж, засварлан Docbook арчлагч руу илгээж, Docbook болон Docbook DSSSL-ийн дараагийн хувилбарт монгол хэлээ оруулах. Одоогоор засвар (patch) ашиглан FreeBSD гарын авлагыг монгол хэлээрээ эмхэтгэх боломжтой байгаа бөгөөд, албан ёсоор орсон тохиолдолд энэ нь илүү хялбар болох юм. Мөн Docbook ашиглан эх хэлээрээ техникийн бичиг, баримт боловсруулах боломж хойшид бүрдэнэ.
Нээлттэй эх aspell хэрэгсэлд OpenMN багийн Санлигийн Бадралын оруулсан монгол хэлний үгсийн санг өргөтгөх. Үгсийн сан бараг бэлэн болоод байгаа бөгөөд ингэснээр энэ үгсийн санг aspell хэрэгсэлтэй цуг ашиглан FreeBSD гарын авлагын монгол орчуулга болон монголоор бичсэн бичиг, баримтын үг, үсгийн алдааг засварлах боломж бүрдэх юм. Мөн энэ үгсийн санг нээлттэй эхийн OpenOffice, Firefox, Thunderbird зэрэг програмууд дээр бас ашиглах боломжтой болно.
FreeBSD гарын авлагын монгол орчуулга дахь утга, найруулгын алдааг хянан тохиолдуулах.


FreeBSD гарын авлагын монгол орчуулга маань анхдагч хувилбар болохоор орчуулга, утга, найруулгын болоод уран сайхны бага зэргийн алдаатай байхыг үгүйсгэхгүй бөгөөд тийм тохиолдолд уншигч олныхоо санал, заавар, зөвлөгөөг хүлээн авахад бэлэн байна.

Монгол хэлнээ орчуулагдсан FreeBSD гарын авлагыг доорх хаягаас үзнэ үү.

http://www.mnbsd.org/freebsd_mn_doc/index.html

Англи эхийг доорх хаягаас үзнэ үү

http://www.freebsd.org/doc/en_US.ISO8859-1/books/handbook/index.html

Энэ дашрамд орчуулганд оролцож хэд хэдэн том, гол бүлгүүдийг орчуулсан Герман улсад суугаа Ш. Нацагдорж, Япон улсад суугаа Л. Баянзул нартаа гүн талархлаа илэрхийлье.

За ингээд олон юм нуршиж, уншигч олноо чилээсэндээ хүлцэл өчөөд энэ захиагаа жаргаая.

Монголын Unix хэрэглэгчид маш олон болж, уншигч олны маань оюун ухаан саруул, мэлмий хурц байх болтугай.

Хүндэтгэсэн,

Ц. Ганболд
Монголын Unix Хэрэглэгчдийн Холбоо
http://www.mnbsd.org/

2007 оны 4 сарын 10-ны өдөр.

Friday, March 23, 2007

"Linux Install Fest" энэ жил уламжлал болон зохиогдох уу?

Түрүү жилийн 4 сарын 7-нд "Linux Install Fest" арга хэмжээг MUUG, OpenMN хамтран анх санаачлан зохион байгуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Анхны арга хэмжээ болохоор сонин, содон, сайхан болж өнгөрсөн санагдаж байна. Бас ч үгүй зорилтууд тавьж, түүндээ ч эхнээс нь хүрсэн байна. Linux User Group-тэй болъё гэж ярьж байсан, Дөлөөгийн маань зүтгэлээр http://www.limnux.org/ веб хуудас бий болж, олон гишүүдтэй Linux User Group-тэй ч болжээ.

4 сар ч дөхөж байна. Энэ жил "Linux Install Fest - 2007" хэзээ зохиогдох талаар, мартсан хүмүүс байвал нэг сануулаад орхиё гэсэн бодлоор LiMNux дээр нэг нийтлэл нээгээд орхилоо. Дөлөөгөөс хариу ирсэн байна. Ямартай ч энэ жил зохиогдох юм байна, гэхдээ Ubuntu "Feisty Fawn" 7.04 гарах өдөр "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ-н байранд болох сурагтай. Удахгүй товыг та бүхэнд хүргүүлэх бололтой. Энэ талаар LiMNux-с орж уншаарай.

Friday, December 22, 2006

UBP 12 сар

Өчигдөр уламжлалт 12-р сарын Unix Beer Party болж өнгөрлөө. Байнга уулздаг газар болох "Их Монгол" шинэ жилийн тарифтаа шилжээд өөр болчиж, ойрхон Dublin гээд газар орцгоолоо. Байнга ирдэг хүмүүсээс Энхбаяр, Номин, Даваасүрэн ирсэн байсан. Шинэ хүмүүс гэвэл ЭМШУИС-с Баянмөнх, Ivanhoe Mines-c Баттөр гээд 2 залуу ирсэн байсан. Дөлөө, Нүүнээ хоёрын холын сониноос сонсохын дээр, шинэ хоёр залуу маань нилээд сонирхолтой яриа өрнүүллээ. Хол явсан хүнээс үг сонс гэдэг дээ, манай хоёр ч их юм сонсож мэдэж ирсэн байна. Явахаасаа өмнө LPI(Linux Professional Institue)-г Монголдоо байгуулна гэж ярьж байсан бол одоо тэр талаараа нилээд ажил хэрэгч төлөвлөгөөтэй байгаа бололтой. Бээжин дэхь LPI-н төвөөр зочилсон хийгээд сургалтынхаа талаар өөрсдөө блог дээрээ бичих байх, тэр үед нь та бүхэн сонсоно биз.

Орчуулгын талаар нилээд ярилцлаа... Мэдээллийн технологын нэр томъёог орчуулах хэрэг байна, байхгүй гэхчлэн нилээд маргалдлаа. FreeBSD Handbook-н орчуулагдсан бүлгүүдээс уншиж, ажилдаа нэмэр болж байгаа талаар Баянмөнх анд маань хэлж байсан нь нилээд урам нэмлээ.

Мөн "IT чиг хандлага" нэрийн дор болох лекцийн талаар, Их Дээд сургуулиудын мэргэжлийн ангийн хичээлийн хөтөлбөрт юникс төрлийн системийг заах талаар, за тэгээд дээрхэн ict.mn mailinglist-р тараагдсан Ерөнхийлөгчөөс эхлээд манай бүх Улсын Их Хурлын гишүүд, Яам Газрын дарга нарын мэйл хаягын жагсаалтын талаар ярилцаж баахан инээлдэв... Учир юув гэхээр миний санаж буйгаар boogii...@yahoo.com гэсэн мэйл хаягтай төрийн нарийн бичгийн дарга байвал яахуу?

Уржигдар болоод өнгөрсөн MIDAS/Monita-с зохион байгуулсан IT-н шинэ жилийн талаар нилээд шүүмжлэнгүй яриа сонслоо. "Электрон бараа шалгаруулдаг IT-н шинэ жил" гэсэн яриа гараад байгаа бололтой шүү хүмүүсээ.

За тэгээд миний хувьд хамгийн сүүлийн UBP-даа оролцоод сэтгэл өндөр байноо. Надад амжилт хүсэж, гаргаж өгсөн хүмүүстээ баярлалаа.



Monday, December 11, 2006

Мэдээллийн Технологын орчуулгын талаар ...

Ойрд орчуулгын ажилтай зууралдаад тэрүү энэ асуудлаар дотроо бодож явлаа. Дөлөө энэ талаар блог бичнэ гэж байсан, тэрийгээ бичжээ. Ерөнхий санааг нь гаргасан байна, дээр нь бага сага зүйл нэмье.

MUG-н зүгээс "FreeBSD Гарын Авлага"-г орчуулж эхлээд байгаа билээ. Би хувьдаа энэ орчуулгын ажилд оролцож, нэг бүлгийг нь орчуулж эхлээд байна. Зөвхөн номыг орчуулахаас гадна, Мэдээллийн Технологын нэр томъёог орчуулах ажил давхар явагдаж байгаа болохоор энэ ажил жаахан удаан явж байгаа талтай. Ер нь орчуулга хийнэ гэдэг санасан шиг амархан ажил биш юм байна гэдгийг нилээд ойлгож авсан. Хүмүүст ойлгомжтой байхын дээр, чанартай сайн орчуулга хийхийн тулд их хөдөлмөр шаардана.

Тухайн нэг өгүүлбэрийг орчуулахын тулд эхлээд англи хэлний эх өгүүлбэрийг өмнөх өгүүлбэр, бүлгийн утга санаатай авцалдуулан сайтар ойлгож авна. Өгүүлбэрийг ойлгохын тулд мэдээж мэргэжлийн дадлага туршлага их хэрэгтэй санагдсан. Хичнээн хэл мэддэг байгаад сайн орчуулга хийж чадахгүй... Нэгэнт ойлгож авсан тул монгол өгүүлбэр болгоод буулгачихна. Дараа нь нэр томъёо, үгийн сонголт гэж нилээд том асуудал тулгарнаа... Нэр томъёог орчуулахын тулд англи хэлний тайлбар толь болон тухайн нэр томъёоны мэргэжлийн тайлбарыг уншина. Жишээ нь: "stateful firewall" гэдгийг орчуулах гэж нилээд бодсон. Гаднаас үүссэн холболтууд "state" буюу ямар нэг "төлөв"-т байдаг талаар ойлголттой байсан тул "төлөвт галтхана" гэж орчуулахаар шийдсэн. Мөн "firewall" гэдгийг хоёр үг нийлж нэг шинэ үг үүсгэж байгаа тул "галт хана" биш, "галтхана" гэж бичих нь зүйтэй санагдсан тул нийлүүлж бичиж байгаа... Мөн "source IP address" гэдгийг "эхлэл IP хаяг" гээд эвтэйхэн хэлчихэж болж байхад "destination IP address" гэдгийн destination-д оноочих нэр үг олж чадалгүй "очих IP хаяг" гээд орчуулчихсан байдаг...

Зарим үг яг сайхан таарсан үг олдож байхад, заримыг үнэхээр чадахгүй тул хамгийн дөхөм үгийг сонгож тавих байдлаар одоогийн байдлаар орчуулгаа хийж байна даа. Яваандаа бүх бүлгүүдийг орчуулж дууссаны дараа нэр томъёогоо эргэж нэг харъя гэж g0mb0 ахтай ярилцсан байгаа.

Гэх мэтчилэн орчуулгын талаар нилээд олон асуултууд тулгарсан тул Галаарид гуайн блогоос "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1,2"-г уншсаны дараа Мэдээллийн Технологын орчуулгын талаар зөвлөгөө өгөөч гэж гуйсан билээ. Бодвол түүний хариу байх Галаарид гуай шинэ нийлэлдээ IT-н орчуулгын талаар нилээд дурдсан байна лээ. Ер нь мэргэжлийн бус хүмүүс "үг болгоныг орчуулаад яах юм бэ? жишээ нь компьютер гэдгийг орчуулж яахийн, хүн болгон ойлгож байхад" гэсэн байр сууринаас ханддаг. Галаарид ах энэ талаар:

"Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг..."

гэжээ. Би хувьдаа эхний өгүүлбэртэй 100% санал нийлэхгүй байна. Би хувьдаа:

"...огт шинээр, зохиомлоор үүсгэсэн үгнээс бусдыг орчуулах боломжтой гэж боддог. Энэ салбарт ажилладаг болоод ч тэрүү, ер нь IT-н нэр томъёог орчуулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Яахав орчуулга муу, эсвэл тухайн үг дэндүү тогтвортой байвал хүмүүс хэрэглэхгүй үлдэнэ л биз. Мөн орчуулга шаардаад байгаа үгсийг хүмүүс сайн дураараа янз янзаар орчуулж байгаагаас энэ талын хэлшил зүгширч өгөхгүй байх шиг санагддаг. Стандарт гаргаад хэвшчихвэл бүгд хэрэглээд эхлэнэ гэж боддог. Өөрөө орчуулга хийж байгаа болохоор тэр юмуу монгол үгээ хэрэглээд ирэхээр сэтгэлд ойрхон буугаад байх болсон."

Үнэхээр сүүлийн үед мэргэжлийнхээ нэр томъёог монголоороо хэрэглэх үнэхээр таалагдаад байгаа. Орчуулганд оролцож байгаа Нацаг, дээр чатлахдаа "install" гэдгийн оронд "суулгац" гэж хэрэглэсэн нь надад сайхан санагдсан... Мөн энд жишээ дурдахад "build" гэдгийг би "үүсгэх" гэж орчуулаад байсан бол g0mb0 ах "бүтээх" гэж орчуулсан байсан нь илүү оновчтой санагдаад зассан байгаа.

Юутай ч энэ орчуулгын ажил дуусвал нилээд гайгүй үгсийн сан үүсэх байх гэж найдаж байгаа. IT-гийнхан хэдий завгүй ч орчуулгын ажилд идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа шүү.

Thursday, August 31, 2006

SysAdmin Summit - 2006 болон энэ хүртэлх бидний зам

2006 оны 1 сарын 5-нд MUG-н анхны шар айрагны үдэшлэг болж юникс сонирхогчид уулзацгааж билээ. Ажлын төлөвлөгөөгөө бичдэг дэвтэрт маань дурайтал бичээтэй байгаа болохоор би он сарыг нь ч тод санаж байна. Цагаасаа яльгүй эрт очоод үүдэнд жаахан тээнэгэлзэж зогссоноо санаж байна. Мэдээж цагаасаа өмнө ирсэн нилээд хэдэн хүн байсан. Ингээд л энэ MUG гэдэг айлынхан сар бүр уулзаж, юникс үйлдлийн системийг, чухамдаа GPL(General Public License)-н үзэл санааг монголдоо хэрхэн түгээн дэлгэрүүлэх, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах талаар ярилцдаг болсон. Мэдээж хийх юм маш их байсан болохоор тэрийг ч хийе, энийг ч хийе гэж эхлээд нилээдгүй маргацгаасан. Тэгээд Дөлөө маань Install Fest гэж арга хэмжээ байдаг, түүнийг зохиоё гэсэн санаа гаргасан. Дөлөөгийн маань өөртөө итгэлтэй байдал нөлөөлсөн байх, юу ч хамаагүй нэг юмнаас эхлэх хэрэгтэй гэж хүмүүсийн санаа ч нэгдсэн байх ингээд л 3 сарын шар айрагны үдэшлэг дээр анхны Install Fest-г зохиохоор тогтсон. 20 хүрэхгүй хоногт бэлтгэл ажлаа дуусган 4 сарын 7-ны өдөр анхны арга хэмжээ маань болж өнгөрсөн. Анхных гэхэд миний л бодлоор үнэхээр сайн болсон. Хүмүүс орж гарч байсан хэдий ч ITPark-н хурлын заал дүүрэн байсан нь мартагдамгүй. Дотор зааланд илтгэлүүд тавигдаж, гадаах хонгилд эгнүүлэн тавьсан компьютерүүд дээр линукс тархацуудыг хүмүүс сонирхож, цаадхан талд нь өөрийн PC-г авчран линукс суулгаж байгаа залуучууд харагдана. Ийм л дүр зураг үлджээ.

Тиймээ одоо дараагийн арга хэмжээ SysAdmin Summit 2006. Аль 6 сараас хойш дуншиж 9 сарын 12-нд болохоор эцэслэн тогтлоо. Энд жинхэнэ мэргэжлийн хүмүүс цуглах болохоор чанар чансаатай сайн хийе гэснээс товоо хэд хэд хойшлуулаад авсан. Бас ч дээд албан тушаалын хүмүүс уригдан ирэх учир тохь тухтайг бодон зочид буудалд, цайны завсарлагатайгаар хийхээр боллоо. SAS2006 логотой T-shirt өмсөөд, мэргэжил нэгт анд нөхдийнхөө илтгэлийг сонсоод сууж байна гэдэг монголд байгаа сисадминуудын маань мөрөөдөл байх нь дамжиггүй. Миний хувьд л лав энэ бол хэдхэн жилийн өмнө мөрөөдөж байсан мөрөөдлийн маань нэг байлаа. Хувийн ажлаар гадаадад зорчих болсон болохоор 9 сарын 12-ны өдөр монголд байж таарахгүй нь. Хэдийгээр өөрөө хуралд оролцож чадахгүй ч тэр мөрөөдөл маань биелсэн. Юникс сонирхогчид та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. SAS2006-д оролцож хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй.

Нийт MUG-н хамт олон болон Дөлөөдөө амжилт хүсье.
Та нар шүү!!!

Friday, August 11, 2006

g0mb0 ахдаа баярлалаа

Өчигдөр 8 сарын 10, "Юникс шар айрагны үдэшлэг" дээр MUG-ынхан уулзлаа. Энэ удаа ихэнх яриа маань нууцлал хамгааллын талаар болж өнгөрсөн. Дөлөө, Буянзаяа, Тэлмэн, Эрхэмээ тэгээд g0mb0 ах ирсэн юм байна. g0mb0 ах тэгсэн яриан дундаа "buffer overflow-ын талаар хэдэн хуучин paper байгаа" гэсэн санагдаж байна. Яриа тэгээд л өнгөрсөн. Өнөөдөр харин санаандгүй g0mb0 ахын paper-үүдийн хаягыг авлаа. (Баруун талд Links хэсэгт нэмсэн байгаа)

Үнэхээр гайхалтай. buffer overflow-ын талаар монголоор ийм ойлгомжтой, өндөр түвшинд нарийн тайлбарласан хуудас олж харж байгаагүй. Юникс ба Линуксын үүсэл хөгжил, Нууцлал хамгааллын талаарх бусад хуудсуудыг ч бас олж уншлаа. Энэ хуудсууд 2001 онд, одоогоос бүтэн 5 жилийн өмнө бичигдэж... гэхдээ миний өдийг хүртэл олж мэдээгүй байсан зүйлс байх юм. Ер нь бодоод байсан g0mb0 ах шиг олон жил ажилласан, туршлагатай сисадмин монголд лав байхгүйн байна. Тэгээд бас MUG...

Ер нь MUG-г анхлан санаачилж, веб хуудсыг хөтлөн, list.mng.net мэйлинг листээр мэдээ явуулж, энэ байгууллагыг өдий болтол бөөцийлж ирсэн хүн бол яах аргагүй g0mb0 ах юм. 2005 оны 4 сард би анх сисадминаар ажилд ороод list.mng.net-д бүртгүүлж нууцлал хамгаалал болон юникс сонирхогчдийн мэйлийн листээс мэйл хүлээн авч эхэлсэн. Долоо хоногт нилээд хэдэн удаа тогтмол сонирхолтой мэйлүүд ирдэг байсан. Миний мэдэхийн g0mb0 ах л бүгдийг бичдэг байж дээ. Тэгээд дараа нь веб хуудас маань илүү идэвхтэй ажиллаж эхэлснээс мэдээнүүд тэнд тавигддаг болжээ.

Юникс сонирхогчид нэгдэн нийлж, хөгжин дэвжихэд MUG-ын оруулсан хувь нэмэр угтаа g0mb0 ахын маань хувь нэмэр дэндүү их юмаа.

g0mb0 ахдаа баярлалаа.

MUG-ын хамт олноос...