Friday, November 24, 2006

Удирдлагын Академи дээрх сургалтууд

ЗГХЭГ(Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар)-аас нийт Яамд, Төрийн байгууллагуудын IT-гийн мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгуулдаг юм байна. Өнгөрсөн сард Яамны админуудад зориулж зохион байгуулсан сургалтанд "Mail System"-н талаар qmail server дээр тулгуурлаж нэг удаагийн хичээл заах боломж надад олдсон билээ.

Нилээд олон яамны IT Мэргэжилтнүүд ирсэн байлаа. Бүгдээрээ л сурч мэдье гэсэн залуу улсууд байсан. Харин "IT Мэргэжилтэн" нэрийн дор сүлжээгээ зохион байгуулдаг сүлжээний инженер, мэйл веб сервер ажиллуулдаг систем админ, үйлдлийн систем програм хангамжийг суулгадаг компьютерийн үйлчилгээ хариуцагч, компьютер эвдэрвэл засдаг засварчин... өөрсдийнх нь хэлснээр К үсгээр эхэлсэн бүх юмыг хариуцдаг ажил хийдэг гэлээ. :). Энэ нь IT-г хариуцсан ганц ганцхан хүн байдгаас болдог гэж ярьж байсан...

Хичээл дээр мэйл сервер, мэйл системийн талаар нилээд яриа дэлгэлээ. Ихэнх газар нь мэйл серверээ суулгаад л орхичихсон, логыг нь уншиж араас нь санаа тавьдаг газар үнэндээ байхгүй гэхэд болохоор цөөхөн байлаа... Би өөрийнхөө ажилтай зүйрлээд бодлоо. Манай хэрэглэгчид мэйл нь ирсэнгүй, явсангүй гээд л асуулга тавьж байдаг, мэйлийн логыг шалгах ажил өдөр тутам гардаг. Ингэж эргэх холбоотой ажиллана гэдэг хэн хэндээ хэрэгтэй байдаг. Нэг талаас хэрэглэгчид мэйл хэрхэн ажилладаг талаар бага ч гэсэн ойлголттой болж, бидний ажлыг ойлгож эхэлдэг. Бидний хувьд гэмтэл саатал, сервер дээр гарсан ямар нэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болдог...

Ажил дээр сууж байхад "мэйл" гэдэг зүйл filesystem дээр байдаг нэг файл, terminal цонхон дээр урсаж байгаа нэг мөр бичлэг... л юм шиг санагддаг байлаа. Гэтэл мэйл бол бизнесийн үйл ажиллагаа явуулдаг газруудад амин чухал зүйлийн нэг. Ялангуяа цаг хугацаатай уралдаж байдаг газруудын хувьд... Нэг жишээ дурдахад: мэйлээ шалгаж болохгүй байна гэж нэг хэрэглэгч маань хэд хэдэн удаа утсаар ярилаа. Заавал хүн ирж үзүүлмээр байна гэж нилээд шалсан. Дуудлагын инженерүүд маань бүгд завгүй байсан тул өөрөө очиж үзлээ. Асуудал яахав амархан шийдэгдсэн л дээ. Тэднийх ачаа тээврийн зууч компани байлаа. Хаанаас ямар ачаа хэзээ гарсан, хэзээ хүрэх газраа очих гээд л бүх мэдээллээ мэйлээр солилцдог газар байлаа. Мэйлээ шалгаж болохгүй байгаа шалтгаанаар ажил нилээд цалгардсан, менежер нь бололтой хүн нилээд бухимдсан байдалтай байна. Тэгэхэд л ажлынхаа хариуцлагын талаар илүү ойлгох шиг болсон.

Тэгэхээр Төрийн ажил явуулж байгаа Яамдуудын хувьд мэйл гэдэг маань түрүүний ачаа тээврийн зууч компанийхаас дор байна гэж яав ч байхгүй. Сургалтанд суусан залуучуудын хэлснээр "IT-гийн алба нь IT ойлгодог даргатай болооосой", "IT-гийн мэргэжилтнийхээ тоог нэмээсэй", "өөрийн мэйл болон бусад серверүүд, мөн сүлжээнийхээ maintainance, аюулгүй байдалд илүү анхаараасай" гэж л хэлэх байна даа.

PS: Өнгөрсөн Даваа гарагт Мэйл Системийн талаар орох байсан хичээлийг орж чадаагүй тул хүлцэл өчье. Сургалтанд суусан админууд хичээлийн slide-г татаж авч болно.