Monday, December 11, 2006

Мэдээллийн Технологын орчуулгын талаар ...

Ойрд орчуулгын ажилтай зууралдаад тэрүү энэ асуудлаар дотроо бодож явлаа. Дөлөө энэ талаар блог бичнэ гэж байсан, тэрийгээ бичжээ. Ерөнхий санааг нь гаргасан байна, дээр нь бага сага зүйл нэмье.

MUG-н зүгээс "FreeBSD Гарын Авлага"-г орчуулж эхлээд байгаа билээ. Би хувьдаа энэ орчуулгын ажилд оролцож, нэг бүлгийг нь орчуулж эхлээд байна. Зөвхөн номыг орчуулахаас гадна, Мэдээллийн Технологын нэр томъёог орчуулах ажил давхар явагдаж байгаа болохоор энэ ажил жаахан удаан явж байгаа талтай. Ер нь орчуулга хийнэ гэдэг санасан шиг амархан ажил биш юм байна гэдгийг нилээд ойлгож авсан. Хүмүүст ойлгомжтой байхын дээр, чанартай сайн орчуулга хийхийн тулд их хөдөлмөр шаардана.

Тухайн нэг өгүүлбэрийг орчуулахын тулд эхлээд англи хэлний эх өгүүлбэрийг өмнөх өгүүлбэр, бүлгийн утга санаатай авцалдуулан сайтар ойлгож авна. Өгүүлбэрийг ойлгохын тулд мэдээж мэргэжлийн дадлага туршлага их хэрэгтэй санагдсан. Хичнээн хэл мэддэг байгаад сайн орчуулга хийж чадахгүй... Нэгэнт ойлгож авсан тул монгол өгүүлбэр болгоод буулгачихна. Дараа нь нэр томъёо, үгийн сонголт гэж нилээд том асуудал тулгарнаа... Нэр томъёог орчуулахын тулд англи хэлний тайлбар толь болон тухайн нэр томъёоны мэргэжлийн тайлбарыг уншина. Жишээ нь: "stateful firewall" гэдгийг орчуулах гэж нилээд бодсон. Гаднаас үүссэн холболтууд "state" буюу ямар нэг "төлөв"-т байдаг талаар ойлголттой байсан тул "төлөвт галтхана" гэж орчуулахаар шийдсэн. Мөн "firewall" гэдгийг хоёр үг нийлж нэг шинэ үг үүсгэж байгаа тул "галт хана" биш, "галтхана" гэж бичих нь зүйтэй санагдсан тул нийлүүлж бичиж байгаа... Мөн "source IP address" гэдгийг "эхлэл IP хаяг" гээд эвтэйхэн хэлчихэж болж байхад "destination IP address" гэдгийн destination-д оноочих нэр үг олж чадалгүй "очих IP хаяг" гээд орчуулчихсан байдаг...

Зарим үг яг сайхан таарсан үг олдож байхад, заримыг үнэхээр чадахгүй тул хамгийн дөхөм үгийг сонгож тавих байдлаар одоогийн байдлаар орчуулгаа хийж байна даа. Яваандаа бүх бүлгүүдийг орчуулж дууссаны дараа нэр томъёогоо эргэж нэг харъя гэж g0mb0 ахтай ярилцсан байгаа.

Гэх мэтчилэн орчуулгын талаар нилээд олон асуултууд тулгарсан тул Галаарид гуайн блогоос "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1,2"-г уншсаны дараа Мэдээллийн Технологын орчуулгын талаар зөвлөгөө өгөөч гэж гуйсан билээ. Бодвол түүний хариу байх Галаарид гуай шинэ нийлэлдээ IT-н орчуулгын талаар нилээд дурдсан байна лээ. Ер нь мэргэжлийн бус хүмүүс "үг болгоныг орчуулаад яах юм бэ? жишээ нь компьютер гэдгийг орчуулж яахийн, хүн болгон ойлгож байхад" гэсэн байр сууринаас ханддаг. Галаарид ах энэ талаар:

"Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг..."

гэжээ. Би хувьдаа эхний өгүүлбэртэй 100% санал нийлэхгүй байна. Би хувьдаа:

"...огт шинээр, зохиомлоор үүсгэсэн үгнээс бусдыг орчуулах боломжтой гэж боддог. Энэ салбарт ажилладаг болоод ч тэрүү, ер нь IT-н нэр томъёог орчуулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Яахав орчуулга муу, эсвэл тухайн үг дэндүү тогтвортой байвал хүмүүс хэрэглэхгүй үлдэнэ л биз. Мөн орчуулга шаардаад байгаа үгсийг хүмүүс сайн дураараа янз янзаар орчуулж байгаагаас энэ талын хэлшил зүгширч өгөхгүй байх шиг санагддаг. Стандарт гаргаад хэвшчихвэл бүгд хэрэглээд эхлэнэ гэж боддог. Өөрөө орчуулга хийж байгаа болохоор тэр юмуу монгол үгээ хэрэглээд ирэхээр сэтгэлд ойрхон буугаад байх болсон."

Үнэхээр сүүлийн үед мэргэжлийнхээ нэр томъёог монголоороо хэрэглэх үнэхээр таалагдаад байгаа. Орчуулганд оролцож байгаа Нацаг, дээр чатлахдаа "install" гэдгийн оронд "суулгац" гэж хэрэглэсэн нь надад сайхан санагдсан... Мөн энд жишээ дурдахад "build" гэдгийг би "үүсгэх" гэж орчуулаад байсан бол g0mb0 ах "бүтээх" гэж орчуулсан байсан нь илүү оновчтой санагдаад зассан байгаа.

Юутай ч энэ орчуулгын ажил дуусвал нилээд гайгүй үгсийн сан үүсэх байх гэж найдаж байгаа. IT-гийнхан хэдий завгүй ч орчуулгын ажилд идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа шүү.

4 comments:

Anonymous said...

Сайн байна уу.
Уучлаарай, Таны бичсэн зарим зүйлтэй санаа нийлэхгүй байна л даа. Хүн болгонд л ямар нэг зүйл орчуулах хэрэгцээ амьдралд нь гардаг. Зарим гадаад үгийг орчуулах нь үнэхээр дэмий байдаг юм байна лээ, би нэг тийм үг бүрийг монгол руу орчуулах гэж оролдсон ном уншсан юм. Түүнээс юм ойлгоно гэдэг үнэндээ хэцүү байсан, англиараа ганц үг бичээд л ойлгох юмыг чинь бүтэн өгүүлбэр шахуу болгочихсон байгаа юм даа. Иймээс бүх үгийг орчуулах гэж битгий зүтгээрэй.

Мөн та нар нийлж гарын авлага хийж байгаа үнэхээр сайхан санагдаж байна.
Та нар мэддэг байх л даа. Гэхдээ цаас чичихээс хүн хэлэхээс нааш гэж. Нэг бяцхан зүйлийг сануулахад олон хүн орчуулахдаа нэг нэр томьёог өөр өөрөөр орчуулаад байдаг тал бий. Уншиж байгаа хүн хоёр өөрөөр орчуулсаныг чинь хараөд өөр ялгаатай зүйлс ярьж байна хэмээн ойлгодог.

За мэдэхгүй байж мэдэмхий загнасанд уучилна бизээ. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье... Бие биедээ урам өгч амьдаръя. ^_^
О. Жаргал

baynaa said...

Сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн баярлалаа. Санал шүүмжлэл байвал сонсноо. Үнэхээр өөрийн чинь хэлснээр бодууштай зүйл их байгаа. Буруу зөв гэж маргалдаж сууснаас хийгээд үзье гэсэн бодлоор энэ ажилд оролцож байгаа. Заримдаа орчуулга маань сэтгэлд маань хүрэхгүй үе гардаг л юм. Дутуу дулимаг санагдвал дараагийн хүн нь засаад явна. Ийм л зарчмаар хөгжих тул одоо энэ талаар тэгтлээ санаа зовохгүй байгаа шүү.

xvv said...

Нэгэнт Монгол үйлдлийн систем гараад ирвэл ямар ч байсан хэрэглээний түвшний компьютерийн үг хэллэгүүдийг Монголоор орчуулчихсан байхад бүгд мэддэг болоод л цааш тогтоод явчих юм байна лээ. Гэхдээ шинээр үг зохиож орчуулж бол дэмий гэж боддог, нэгэнт Монгол хэлэнд байсан, хуучин үгнүүдийг ч юмуу ашиглаад, бүүр болохгүй бол харин галиглаад явчихаж болох байх. компьютер гэдэг үгийг бүгд мэдэхгүй байж байгаад одоо Монгол үг болчихсон, яавлаг(яблок), больто (пальто) гээд үгнүүдтэй л адил юм уу даа. Ер нь л сайн бодож байгаад хийчихэж хэрэглээнд орж л таараа.
Та OpenMN-ы орчуулгад оролцдог юм уу? Би тэр Монгол үйлдлийн систем орчуулагдчихвал Монгол компьютерийн үг хэллэгүүд цэгцлэгдчих байх гэж боддог юм. Амжилт хүсье!

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481